Биндэр суманд Тогорууны баяр зохион байгуулагдлаа

Тогорууны баярын арга хэмжээг Байгаль орчны яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь Хөтөлбөрийн газар, ШУАкадемийн Ерөнхий ба Сорилын биологийн Хүрээлэн, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв  , Олон улсын тогорууны сан, Монгол хан экспедиц, Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, Онон-Балжийн БЦГ-ын Хамгаалалтын захиргаа Geograffic Expedition зэрэг байгууллагуудтай хамтран 2013 оны 06 сарын 13-ний өдрөөс эхлэн Тогорууны фестивалийг Монгол наадмын хүрээнд зохион байгуулсаар өдгөө /06 сарын 27/ 5 дэх жилээ зохион байгуулж байна.

Монгол орон маань дэлхийд ховордсон гайхалтай үзэсгэлэнт 6 зүйл тогоруу шувууны өсч үржиж байгаа сүүлийн Баянбүрд бөгөөд тэдгээрийг харж ажиглах, хамгаалах цөөхөн газрын нэг нь манай сумын Хурх-Хүйтний хөндий учраас Биндэрчүүд бид нийтээр бахархаж, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээж, цаашилбал харж хамгаалах, өсөж үржихэд нь тус болвол хойчийн үед буян болох нь дамжиггүй юм. Тийм ч учраас Монгол оронд төдийгүй дэлхийн хэмжээнд ховордож байгаа цэн тогоруу, өвөгт тогоруу, цагаан тогоруу, хар тогоруу, хархираа тогоруу, алаг тогорууд, ус намгархаг газрын хамгааллын тухай нутгийн иргэдийн ойлголтыг сайжруулах, олон нийтэд сурталчлах, төрөлх нутгийнхаа байгалийн баялагаар бахархах сэтгэлийг дэмжин хөгжүүлэх, цаашлаад Монгол улсаа дэлхийд сурталчлах, олон улсын чанартай фестиваль болгох зорилгоор уг наадмыг зохион байгуулдаг билээ.

 

   

Энэ жилийн хувьд Тогорууны баяр маань олон онцлог үйл явдлуудаар дүүрэн байлаа. Баярт зориулж Киргизийн ард түмний төлөөлөл дуу хуурын мэндчилгээ дэвшүүлж, Монгол үндэстний уламжлалт зан үйлийн өргөө НҮТББ-ын тэргүүн Пүрэвжавын Сүхбат “Тогорууны сүнстэй харилцах бясалгал”-ыг наадамчин олонтой хамтран хийж тэнгэрт “Замбага цэцгийн өргөл” өргөж байгаль дэлхийгээ баясгасан юм.Уг үйл ажиллагаанд гадаадын 56 жуулчин, дотоодын 500 гаруй жуулчид зорин ирж оролцсон юм.

Хөтөлбөрийн дагуу эрийн гурван наадам, шагайн харваа, саадтай морин уралдаан, хос морьтон, эссэ бичлэг зэрэг тэмцээн уралдаанууд, Биндэр, Дадал, Норовлин, Хурх зэрэг сумдаас Тогорууны тухай бүжгийн үзүүлбэрүүд, Буриад дуу бүжгийн тоглолт, галын наадам гээд олон олон үйл ажиллагаанууд зохион байгуулагдлаа.