ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГ /2020.02.18-ны өдрийн мэдээ/
Хэнтий аймаг нь нийт 8,032,508.0 га талбайтай бөгөөд улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газар 43,2 хувийг эзлэж байна.
№ | Улсын ТХГНутаг | Аймгийн ТХГНутаг | Сумын ТХГНутаг | Нийт ТХГНутаг | ||||||||
Тоо | Талбайн хэмжээ /га | Нутаг дэвсгэрийн эзлэх хувь | Тоо | Талбайн хэмжээ /га | Нутаг дэвсгэрийн эзлэх хувь | Тоо | Талбайн хэмжээ /га | Нутаг дэвсгэрийн эзлэх хувь | Тоо | Улс болон орон нутггийн хамгаалалттай газрын талбайн хэмжээ /га/ | Нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувь | |
1 | 12 | 1017874.3 | 12.67 | 270 | 1517326.4 | 18.89 | 180 | 934661.3 | 11.64 | 462 | 3469861.9 | 43.2 |
Улсын тусгай хэрэгцээний газар
1.Хан хэнтийн Дархан цаазат газар
- Байгалийн бүс: Өндөр уул, уулын тайга, ойт хээр.
- Онцлог шинж: Бараг бүхлээрээ аглаг зэлүүд,Их Чингис хааны өлгий нутаг, Хойд мөсөн далай,Номхон далайд цутгадаг Хэрлэн, Онон,Туул голууд эх авдаг сав нутаг юм.
- Хэмжээ байршил: Хэнтий аймгийн Батширээт,Өмнөдэлгэр сум; Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт; Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумуудын нийт 1227074 га газар нутагтай.
- Байгуулагдсан он: 1992
- Хан Хэнтийн дархан цаазат газар нь нийслэл Улаанбаатараас зүүн хойшоогоо улсын хил хүртэл Хэнтийн нурууны 1,2 сая газрыг хамрах бөгөөд Эзэн Чингис хааны өлгий нутаг юм. Хүн огт суурьш даггүй, аглаг зэлүүд энэ нутагт зөвхөн явган юмуу мориор явж хүрэх боломжтой. Энэ ДЦГ-т ой, ус намаг, тагийн тундра, мөнх цас, мөс элбэгтэй ба далайн түвшнээс 2500 м-ээс дээш өндөрт өргөгдсөн сүрлэг уулс асарлан дүнхийнэ. Эдгээрээс хамгийн өндөр нь 2800 м өргөгдсөн Асралт хайрхан уул юм. Хан Хэнтийн ДЦГ нь Монгол орны нийт ойн 10 хувийг агуулах ба Сибирийн тайгын урд захыг эзэлнэ.Тайгын болон ойт хээрийн азийн жамъяанмядаг, сибирь удвал, бадгар, даль тэрэлж зэрэг 1150 орчим зүйлийн ургамал; хүдэр, хандгай, халиун буга, хүрэн баавгай, шилүүс, нохой зээх, булга, бор гөрөөс зэрэг 50 гаруй зүйлийн хөхтөн амьтан; гангар хун, халбаган хошуут, цасч дэглий, хар тогоруу, явлаг сар зэрэг 253 зүйлийн шувуу;28 зүйлийн загас бүртгэгдээд байна.Төрөл бүрийн өвчнийг анагаах чадалтай Ест, Минж, Ерөө, Ононгийн халуун рашаануудтай. Археологичид Чингис хааны онгоныг хайх явцдаа Бурхан халдун уулын орчмоос эртний 800 гаруй булшийг илрүүлжээ.
2.Онон Балжийн Байгалийн цогцолборт газар
- Байгалийн бүс: Ойт хээр.
- Онцлог шинж: Монгол орны нутгийн умард этгээдээс Сибирийн ой,тайга уулсыг дагаж өмнө зүг рүү, өмнөдөөс Төв Азийн хуурай цөл,хээр,хөндий хотосыг дамжин умар руу гүн нэвтэрч газар зүйн маш өвөрмөц буюу завсрын шинжтэй болгодог.
- Хэмжээ байршил: Хэнтий аймгийн Дадал, Биндэр, БаянАдрага, Норовлин, Дорнод аймгийн Баян уул сумыг хамарсан нийт 415752 га газар нутагтай.
- Байгуулагдсан он : 2000
- Эзэн Чингис хааны холбогдолтой Дэлүүн Болдог, Хажуу булаг, Цант хан уул болон Сэнжит хад, Дэгэн Жигэн хад, Буурлын агуй, Бурхантын асга, Галттайн агуй; орой дээрээ нууртай Баян хан уул зэрэг эртний домог түүхийн болон байгалийн үзэсгэлэнт олон газрууд бий. Хамгийн өндөр уулс нь Биндэр сумын нутагт орших далайн түвшнээс дээш 1568 м өргөгдсөн Тэхрүү уул, Хэцүү өндөр /1438 м/, Баруун Баян хан уул /1458 м/, Зүүн Баян хан /1452м/ уулс юм. Дөлгөөн урсгалт Онон, Балж, Хярхон, Агац, Хэр, Бөхөн, Улз зэрэг гол мөрөн нуур цөөрөм, булаг шандтай. Онон -Балжийн байгалийн цогцолборт газарт Сибирийн болон Дагуурын амьтан болон ургамлын зүйлийн бүрдлээр баялаг ба дагуур зараа, хандгай, халиун буга, баавгай, зэрлэг гахай, шүлүүс, мануул, чоно, үнэг, бор гөрөөс зэрэг хөхтөн амьтад; цэн, цагаан, хар тогоруунууд, тоодог зэрэг ховор шувууд; тул, цурхай, булуу цагаан зэрэг загаснууд байдаг.
- Монгол хундгана, азийн жамъяанмядаг, сибирь удвал, морин зээргэнэ, цагаан цээнэ, дагуур сараана зэрэг ховор ургамлууд; эмийн ургамлууд болон хүнсэнд хэрэглэдэг олон ургамлууд ургадаг.
3.Хар Ямаат Байгалийн нөөц газар
- Байгалийн бүс : Уулын хуурай хээр
- Онцлог шинж: Дундад Халхын хуурай хээр дундах ойт хээрийн төлөөлөл, өвөрмөц тогтоцтой, ховор болон ховордсон амьтадтай.
- Хэмжээ байршил : Баян Овоо суманд 40377 га, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 10217 га нийт 50594 га талбайтай.
- Байгуулагдсан он : 1998
- Хар Ямаат, Түрүү өндөр уул орчим нь тал хээрийн бүсэд ховор тохиолдох өвөрмөц тогтоцтой, Хан хэнтийн нурууны төгсгөл бэсрэг уулс бөгөөд нарс, улиасны төгөл, жимс жимсгэнэ өргөн тархсан, эмийн ургамал ургадаг, янгир, халиун буга, бор гөрөөс, шилүүс, цагаан зээр, үнэг, чоно, хярс зэрэг амьтадтай, тал нутгийн “Хангай” хэмээн нэрлэгдсэн газар нутаг юм.
4.Тосон Хулстайн Байгалийн нөөц газар
- Байгалийн бүс: Хуурай хээр
- Онцлог шинж : Цагаан зээр гол нутагладаг, өвөл төллөдөг газар.
- Хэмжээ байршил: Баян Овоо сумын 72110 га, Норовлин сумын 57142 га газар. Дорнод аймгийн Цагаан Овоо,Хөлөнбуйр сумын нийт 469930 га талбайг эзэлдэг.
- Байгуулагдсан он : 1998
- Тосон, Хулстай нуур, Салбарын тал нь цагаан зээрийн гол байршил нутаг юм.
5.Дархан уул
а/ Дархан сумын төвөөс баруун зүгт 9 км зайд орших тахлагт уул.Далайн түвшнээс дээш 1715 м өндөр, урт нь 22 км, өргөн нь 13 км, нийт 28600 га талбайг эзэлдэг.
б/ Дархан уул нь шүтлэг тахилгатай Хайрхан тул эрт дээр үеээс эдүгээ хүртэл нутгийн иргэд болон /Хардал бэйсийн хушууныхан/ одоогийн Галшар сумын иргэд ирж өрөсдийн өвгөд дээдсийн шүтээн Зүүн Тахлгат, Баруун Тахилгат, Пунцагт Хайрхан, Гэсгүүн Тахлагт, Пунцагт Хайрхан, Гэсгүйн Тахилгат, Сумт зэргүүдийг тахиж сүлд хийморь, заяа буянаа даатагдаг заншилтай.
в/ Дархан уул нь таль хээр, говийн бүсэд байшдагаараа онцлог ба байгалий үзэсгэлэнт өвөрмөц тохтоцтой, өндөр сүрлэг хадан байц, цохио бүхий уул юм.
г/ Дархан ууланд болон түүний орчны бүсэд нийтдээ долоон булаг байдаг.
Үүнд: Дотуур булаг, Дунд булаг, Эхний булаг, Дугуй булаг, Рашаантаас гадна Бор Хужирын булаг, Шавартайн булаг орох ба устай нь Дотуур булаг, Бор Хужирын булаг, Шавартайн булаг байна.
Түүх соёлын дурсгал:
а/ Дархан уулын дотор болоод бэлийг тойроод нийтдээ 60 орчим Хүннүгийн үеийн гэгддэг булш хиргисүүр байдаг ба энэ нь одоо хүртэл судлагдаагүй түүхийн дурсаглын өв юм.
б/ Дархан уулнаа XIII зууны үеийн болон түүнээс ч өмнөх үетэй холбоотой байж болох төмрийн дарханы томоохон суурин байжээ. Тиймээс ч уулын нэр ус үүнээс улбаалан “Дархан” гэгдэх болсон байж болзошгүй гэж түүхийн ухааны доктор, профессор Х.Нямбуу агсан нэгэн номондоо дурдсан нь бий.
Үүнтэй холбоотой дарханы газраас үлдсэн төмөр дөш байдаг ба уулын Сумт, Хуягт болор бусад газруудаас төмөр сумны зэв, хамгаалалтын дуулганы төмрөн үрлэн хэсэгний үлдэгдэл одооч олддог байна.Иймээс ч ууланд байсан төмрийн дарханы газрыг Чингэс хаан ба түүнээс хойших их, бага хаадын үед дайн тулаанд хэрэглэх зэр зэвсэг болон төмрийн зүйлс уралдаг байсан түүхийн домог дурсгал гэгддэг.
Тухайн түүхийн дурсгалт өв төмрийн дарханы сурингаас үлдсэн төмөр дөшүүдийг Ардын хувьсгалын эхэн үед Улсын Түүхийн музейн сан хөмрөгт аваачсан ба түүнээс үлдсэн нэг жижиг төмөр дөш өнөөг хүртэл уулнаа Дотуур булгийн эхэнд боржин чулуун хадны тавцан дээр байрлаастай байдаг ба нутгийн зон олон тахиж шүтсээр ирсэн байна.
в/ Дархан нутгийн ард түмэн газар шороо, эрх чөлөөнийхөө төлөө хэзээнээс нааш тэмцсээр иржээ. Үүний тод жишээ нь нутгаас тодорсон сайн эрс гадаадын шунхай худалдаачин, дотоодын эзэрхэг түрэмгийлэгч нартай эрэлхэгээр тэмцэж ирсэн байна.
Нийслэл Хүрээнээс Жанчхүү ордог гүнж зам Дархан уулын өврөөр замнан тус хошууны дундуур өнгөрөн гардаг байв. Иймээс хуучны сайн эрс Дархан ууланд бүгж тэдэнтэй тэмцдэг байсан ба тэдний нэг Дархан уулын энгрээс гүнж замыг тосон Хятад наймаачин, ноёд баядыг айлгаж явсан “Ягаан” хэмээх Шагдар гэдэг сайн эр орогнож байсан агуй Дархан уулнаа бий.
6.Хэрлэн тооно уул
Эрт дээр үеэс нутгийн ард олон тахиж шүтэж ирсэн бөгөөд 1600-аад оны үеэс “Дашбалбар” хэмээн нэрийдэж байсан “Монголын нууц товчоо” хэмээх түүх, уран зохиолын их хөлгөн сударт “Шилэхэнцэг” нэрээр алдаршсан эртний булш,хирэгсүүр ихтэй Аргаль, Янгир, Буга зэрэг ховор ан амьтантай арц, сонгино , үрэл жимс,төрөл бүрийн эмийн ургамал ургадаг. Агуй, хад цохио ихтэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул юм.
“Хэрлэнтоон” уул нь Хэнтий нурууны салбар уулсын урд захад тасарч тогдсон Хэрлэн голын зүүн тийш тохойрон ургасны хойд биед далайн түвэшнээс дээш 1578.3 метр өргөгдсөн хааш хаашаа 50 келометрт харах 600 гаруй га талбайг эзлэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “ Хэрлэнтоон” буюу 4 дүгээр багийн тутагт оршдог уул юм.
“Хэрлэнтоон” гэж нэрийдсэн учир нь тус уулын баруун урд талд “ Хэрлэн” голыг тольдон орших өндөр сүрлэг уул бий түүний оройд тоон хэлбэртэй хад байдгаас энэ уулыг “Тооно” гэж нэрэлсэн ба хожим энэ уулыг бүхэлд нь “Хэрлэнтооно” гэж нэрлэх болсон байна.
“Хэрлэнтооно” уулын хамгийн оргил төв хэсэгт эртнээс тахиж шүтэж ирсэн “Тахлагт” нэртэй тайхдаг овоотой, тус уулын дөрвөн талд нутгийн ард олны дунд харуул хэмээн домог болон яригддаг дөрвөн уулнуудтай юм.
Зүүн урд талдаа далайн түвшнээс дээш 1336.1 метр өндөртэй “Буга” уул, баруун талдаа далайн түвэшнээс дээш 1427.8 метр өндөртэй “Оорцог” уул, зүүн талдаа далайн түвшнээс дээш 1309.3 метр өндөртэй “ Их хавтгай” зэрэг уулнуудтай юм.
Улиас, хайлаас, харгана ургасан үзэсгэлэнт бүхий олон амуудтайн дээр түүхийн холбогдолтой газар, уул агуйнууд цөөнгүй.
“Буга” уулын дэргэд Галданбошиготын үетэй холбогдох чулуун дээр бичсэн бичээс байсан нь одоо Улсын төв музейд хадаглагдаж байдаг.
Бандийн агуй гэж таван хантай гэрийн чинээ байдаг.Энэ агуй Өндөр гэгээн Занабазар Галданбошигтоос зугтаж явах үедээ нуугдан сууж байсан түүхтэй.
“Туслахын ам” гэдэг аманд хадны завсраар ус тусаж байдаг өвөрмөц сонин тохтоц бүхий газар хаднаас ус тусалдаг учраас “Тусалхын ам” гэж нэрэлжээ.
Мөн “ Тоонот” ууланд суурь хонь бахтах хэмжээтэй агуй байдаг түүний түүний дэргэд “Тагийн бүрд” хэмээх устай, ширхтэй яргай, харгана ургасан үзэсгэлэнт сайхан газар байдаг.
Дээхэн үед энэ уулын ам болгон устай түүнээс нь хүн мал, ан амьтан ундаалдаг байсан гэж нутгийн өвгөд хуучилдаг сүүлийн жилүүдэд цаг уурын дулаарал, хуурайшилтын улмаас ихэнх булгууд нь ширгэж үгүй болоод байна.
Өвөлдөө энэ ууланд “ Хэрлэнтоон” тоон багийн 26 өрхийн 10 гаруй мянган мал өвөлждөг хавар, зун, намартаа Хэрлэн гол, Аваргын голоо бараадан нутгалсаар ирсэн.
Түүх соёлын дурасгал:
Дэлгэрхаан сумын нутагт Хэрлэн голын хойд эрэгт орших 1579 м өндөр уул.Энэ уулын өвөрт Манжийн хаан Энх-Амгалан өөрийн биеэр их цэргийг удирдан ирж Галдан бошигтын хөөж явуулаад пайлуур бичүүлсэн түүхтэй.Энэ пайлуур Улсын төв музейд бий.Хэрлэн тоон уулын өвөр Буга толгойн баруун талд хоёр том хиригисүүр бий.Нэг нь онцгой том хэмжээтэй, ухаж төнхсөн ор мэдэгдэхгүй. Дээрх чулуугаар нь олон жижиг овоо босгосон.Гадуураа дугуй хүрээ бүхий гаднаа гурван давхар хүрээлсэн жижиг чулуун цагирган байгууламжтай.Монгол орны нутаг дэвсгэрт 30 гаруй хэлбэр төрхийн хиргисүүр байдаг бөгөөд малтан судалсан нь хайрцангуй цөөн юм.Ихэнхдээ дөрвөлжин булштай ойролцоо зарим тохиолдолд холилдон байдгийг үндэслэн хүрэл төмрийн түрүү үед холбогдолтой хэмээн үздэг.
7.Өндөрхаан уулын товч танилцуулга
Түүх соёлын дурсгал:
Салбарын уулын бичигт хад, цагийг эзэлсэн их Чингис хаан хоноглохдоо бэлтгүүлсэн домогтой баруун, зүүн хэрэм, морины уяа, тулгын гурван том чулуу, эртний хүн чулуун хөшөө, Гэлэн хөшөө, том жижиг булш хирэгсүүр, Сандагийн майхан агуй зэрэг түүхэн дурсгалт газруудтай.
Өндөрхаан, Галам, Хайлааст, Салбар, бүс, Хүлэг, Жаран, Лэнгийн рашаан, Өлзийт зэрэг үзэсгэлэнт олон газар байдаг.
Экологийн онцлог:
Төв Азийн хойд хагас Монголын өргөн уудам нутгийн зүүн хагас Хэнтийн уулархаг нутгийн шувтрах үзүүр, Хэрлэн голын хойд биеэр нутагтай Мөрөн сум бүхэлдээ тал хээрийн бүсэд багтдаг. Тус сумын нутагт жилд 160 мм хур тунадас ордог. Салхины дундаж хурд нь 4,6 м/сек, агаарын дундаж температур -1+2градус, хамгийн халуун нь 6-р сард +32,8 градус, хүйтэн нь 12-1 сард -48,2 градус хүрдэг. Далайн төвшингөөс дээш 1600 метрт өргөгдсөн, Бүс, Хүйс, Хашаат, Жаргалант, Төхөмийн говиуд, Өндөрхаан, Түмэн, Өлзийт, Салбар, Ноён, Хатан, Бүс, их бага улаан зэрэг уул нуруудтай.
Хөрсний бүтэц:
Сибирь шинэсний хамгийн урд тархацын цэг байх бөгөөд түүний сэргэн ургалт хэвийн хэмжээнд байна. Энэхүү төгөл шинэсний зах хүрээгээр уулын хээрийн ургамашил зонхилно. Энэ уулыг нутгийн ард иргэд ихээхэн хүндэлж шүтдэг учраас цаашид энэ уулыг албан ёсоор Тусгай хамгаалалттай газар нутаг болговол улам нийцтэй байх болно.
Хэнтий нурууг захлан хүрээслэн хээрийн хуурайвтар уур амьсгал эдгээр уулсад ихээхэн нөлөөлдөг ба ой нь уулсын ар хажууд ургадаг. Энэ ландшафтад хамаарах ар хажуу өвөр хажууг бодвол эгц боловч бэл хавьд сэвсгэр хурдас их хэмжээгээр хуралдаж пролювийн хормой үүсгэнэ. Гуу жалгаар нилээд хэрчигдсэн бөгөөд тэдгээрийн амсарт хушуурсан туугдас давхарлан тогтсон үзэгдэнэ. Хад асга цөөн дохиолдохын хамт солифлюкцийн үзэгдэл ч ховор юм.
Энгэр хажууд нарны цацраг эгц тусч ууршилт эрчимтэй явах нөгцлийг бүрдүүлнэ. Зуны борооны ус хөрсөнд хадгалагдах нь харьцангуй бага. Энэхүү ландшафт наранд илүү ээгддэг тул өдрийн агаарын температурын хэлбэлзэл их байна. Хур тунадасны хэмжээ харьцангуй бага учир уур амьсгал хуурайвтар боловч ойн ургамал ургах наад захын нөхцөл алдагддаггүй гэж хэлж болно. Хөрсний бүрхэвч ойн бараан хөрснөөс бүрэлдэх бөгөөд механик бүрэлдэхүүний хувьд голчлон элсэнцэр юм. Харин ялзмаг багатай байдаг, дээд давхарганд 3-4 хувиас бараг үл хэтэрнэ. Олон жилийн цэвдэг чулуулаг энд гол төлөв 3-4 метрээс доош гүнд орших тул хөрсний тогтворжилтод төдийлөн мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэггүй байна. Энэ хөрсөн дээрхи өвслөг ургамал шигүү ургаж төгөл үүсч тогтворжсон байна.
Уулын хажуугийн дээд бие нилээд эгц байвч доошлох тусмаа налуу болж ирээд бэлийн байдалтай болно. Гуу жалгаар багагүй хэрчигдсэн боловч тэдгээр нь голдуу хуурай байдаг. Хад цохио энд тэнд цөөнгүй үзэгдэнэ. Харин асга ховор. Солифлюкцийн гаралтай хотгор гүдгэр ч их юм.
Уулын энгэр ээвэр газар болохоор физик элэгдэлд хүчтэй автагддаг. Тийм ч учраас нилээд налуу болж хормой нь бүрч налуу бэлийн байдалтай болно. Боржин чулуутай газарт хад цохио бий болох нь олонтой. Гуу жалга элбэг, ихэнхдээ хуурай байдаг. Энгэр хажуу нь нарны шулуун цацраг илүү тусдаг учраас агаар харьцангуй дулаан, усны ууршилт их буюу уур амьсгал нь дулаан хуурай юм.
Газарзүйн байрлалын хувьд урдуур өргөрөгт оршдог уулсад энэ ландшафт хамаарах тул уур амьсгал нь хурайвтар. Зөвхөн хонхордуу хэсэгт чийглэг тул тэнд өвөл цас тогтдог бол бусад хэсэгт цасан бүрхүүл бараг бий болдоггүй байна. Гадаргын ус жижиг булаг, горхи ховор, зуны борооны үед хуурай гуу жалга түр зуурын урсацтай болдог. Хөрсний бүрхэвч нь хар шороон хөрснөөс бүрдэнэ. Энэ хөрс алюви-делювийн их сайр чулуурхаг нимгэн хурдас дээр тогтворжихын хамт уулын хажуугийн эвдэрлийн үйл явцад байнга нэрвэгддэг тул хөрсний үе давхаргууд нимгэн, гадаргаас эхлээд сайр чулуурхаг байдаг.
Ус бэлчээр, ургамлын бүрхэвч:
Хэрлэн, Мөрөн, Сариг, Өвөр, Урт гэсэн голуудаас гадна 20 шахам булаг шанд байдгаас хамгийн алдартай нь Энгэр долоо, Ар гурван булаг, Ноён булаг, Өлзийт, Дундат, Худагт, Рашаант, Урт, Зөөлөнгийн булгууд, Ар гурван булагт, Лэнгийн рашаан, Ар булаг, Ар урт болон Хайлааст, Эхэн ус гэх зэрэг булгууд байдаг.
8.Биндэрьяа хан уулын товч танилцуулга
Биндэрьяа хан уул нь Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс ургашаа 15 км зайд оршдог. Хэнтий нурууны зүүн төгөсгөлд орших бөгөөд байгалийн өвөрмөц тогтоцоос гадна түүх дурсгал ихтэй үзэсгэлэнт уул бөгөөд далайн түвшинээс дээш 1338,8м өндөрт оршдог. Уул нь ойт хээрийн бүсийн ойн бараг өмнөд хил нь болдог. Овооны урд дор Биндэр нуур оршдог. Биндэрьяа уулын ам хөндийн голууд Хурхын голруу цутгадаг бөгөөд ойр орчимд Дулын гозгор уул, Нарсан гул уул, Ёл уул зэрэг дундаж өндөр бүхий олон уулс байхаас хамгийн өндөр нь Тодотын өндөр уул далайн түвшинээс дээш 1574,5 м юм. Энд ойт хээрийн ландшафт зонхилдог.
Түүх, Соёлын дурсгал:
Биндэрийн овоо:
Батширээт сумын төвөөс урагш 45 км-т орших Биндэръяа уулын үзүүр овоог 17-р зууны үед анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар Ононгын халуун рашаанд бараалхаад буцах замдаа их Хэнтий нурууны төгөсгөл овоо ихсийн газар өршөөсөн нутаг хэмээн дээдлэн тахисан тухай домоглон ярилцдаг.Уг овоо нь Хөвчийн дайчин жонон вангийн хошууны гол тахилга овоо болон тахигдсаар ирсэн түүхтэй бөгөөд 1930-аад онд тасарсан/тус сумын харъяат зайран бөө Цэрэн баавай 1970-д онд нууцаар тахиж байсан. 1990 онд сэргээн тахиснаас хойш Өмнөдэлгэр, Гурванбаян, Биндэр сумдууд жил жилээр ээлжлэн тахисаар байна.
Биндэръяа хан ууланд орших Өглөгчийн хэрэм:
Тус хэрмийн тойргийн нийт урт нь 3.8 м. Хэрмийн өндөр хэсгээрээ 3.1м. Байгалийн бартаат хэсэгт байрлалаасаа шалтгаалан хэрмийн өндөр 1-3м орчим, өргөн нь 1.5м орчим. Монгол-Америкийн хамтарсан Чингис хаан экспедицийнхэн хэрмийн дотор талд 2 малтлага судалгаа хийсэн. Уг малталгын нэгээс барилгын суурь ханзан хаалтын систем, нөгөөгөөс нь нимгэн банзан австай булш зэрэг илэрсэн. Уг хэрэм нь МЭ11-13 зууны үеийн хэрэм юм.
Биндэръяа хан ууланд орших Рашаан хадны олон үеийн дурсгал:
Рашаан хадны анхны судалгааны ажлыг археологич Х.Пэрлээ 1943 онд хийсэн бөгөөд түнээс хойш хэд хэдэн удаа очиж судалсан байна. 1968 онд дахин судлах явцад нэгэн том чулуунд тогтсон хаг хөгцийн дор элдэв зураг дүрс байхыг ажиж нүүрэн талд нь 180 гаруй, ар талд нь 40 гаруй сэрвээн дээр нь 50 гаруй дүрс сийлсэн байдаг. Чулуун самбарын урт нь 6м, өргөн нь 2-3м зузаан нь 0.6-0.7м хэмжээтэй юм. Чулуун самбар дээрхи тамгуудыг нэг үед сийлсэн зүйл биш болохыг ажиж сийлсэн арга барил, тэдгээрээс олдсон хадны зураг, самбар чулууг малтаж гаргахад илэрсэн чулуун зэвсгийн зүйлс, хүрэл зэвсгийн үеийн ваарны хагархай, Киданы үеийн ваарны хагархай зэрэгт үндэслэн шинэ чулуун зэвсгийн сүүл үеэс эхлэн МЭ 10 зууныг дуустал үед нэмэн сийлсэн гэж үзэж байна.
Хажуу нуурын буган чулуун хөшөө:
Рашаан хадны зүүн зүгт 3 км зайд хүрлийн үеийн дөрвөлжин булш бүхий дурсгалт газрын төв хэсгийн том хэмжээтэй булшны баруун хойд талд байрлах 2 ширхэг буган чулуун хөшөө. Уг 2 хөшөө нь зүүн хойноос баруун өмнөд чиглэлд хоорондоо 10 орчим м зайтай байрлажээ. Зүүн талын буган хөшөө нь 21х43х40 см, нөгөө нь 190х40х30 см хэмжээтэй юм. Хөшөөнд ашигласан чулуу нь цагаан боржин бөгөөд чулууны онцлог байдлаас болж сийлсэн дүрс нь зарим газартаа хэмхэрч унасан, зураг дүрс тод ялгарч харагдахгүй байдалтай болжээ. Зүүн талын хөшөөнд сийлсэн зураг дүрс нь харьцангуй мэдэгдэхүйц байна. Энэ хөшөөний доод талд өнгөн хөрснөөс 30-40 см өндөрт гүн шулуун зураас, оройгоосоо доош мөн дээш ижил зайд дан шулуун татаж хашааг 3 хэсэг болгожээ. Дээд хэсэгт нь дугуй дүрс, тамга тэмдэг, дунд хэсэгт нь хийсвэр байдлаар дүрсэлсэн 3 бугын дүрс, доод хэсэгт нь зэвсэг багажийн зүйл дүрсэлсэн байна. Евро Азийн нутагт 600 гаруй буган хөшөө тархсан байдгаас Монгол улсын 550 орчим нь бүртгэгджээ. Монголын нутагт тархсан буган чулуун хөшөө нь голчлон төв болон баруун нутагт орших бөгөөд энэ буган хөшөө хамгийн зүүн захад орших буган хөшөө юм.
9.Хангалын нуурын товч танилцуулга:
Хангал нуур нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд оршино, Хэнтий аймгийн зүүн өмнөд хэсэг орших бөгөөд ойт хээрийн бүсэд оршино. Хурхын гол, түүний цутгал Жаргалант гол хоёрын хооронд оршино. Энэ бол ойт хээрийн бүсэд орших хамгийн том нуур бөгөөд бусад нууруудыг бодвол усны горимын хувьд нилээд тогтвортой гэж үзэж болно. Эргэн тойрон хадтай уулсаар хүрээлэгдэн 1326 м үнэмлэхүйн өндөрт орших энэхүү нуур тектоникийн хонхорт тогтож, хамгийн урт нь 2 км, өргөн нь 500-1200 м, талбай нь 1,5 хавтгай дөрвөлжин км хүрдэг байна. Нуурын хөвөөгөөр өндөр дэнж мөргөцөг байхгүй, налуу эрэгтэй, өлөн, зэгс ургаснаас гадна, хус, бургас, боролзгоно хааяа ургана. Нуурын ёроол жигд, зах хөвөөгөөр бүдүүвтэр боржингийн үйрмэг байх боловч шавранцар хурдас тархана. Усны тунгалаг 1,6-1,7 м, хамгийн их гүн зөвхөн баруун хойд талдаа 2,3м хүрнэ. Усны нөөц одоо 49 сая шоо метр, харин геологийн өнгөрсөн үед үнээс их байсан батлах ор мөр үлджээ. Нуурын өмнөд талд усны захаас 10-15 м зайтай 1,5 м орчим өндөр далан байдаг. Энэхүү далан 100 шахам метр байсан боловч хожим урсгал усанд идэгдэн 50-60м сэтрэн эмсийжээ. Одоо энэ сэтэрхий дахь жижиг хувилаар горих урсаж Жаргалантын голд цутгадаг учир энэ нуур урсгал нуур юм. Ус нь 10 дугаар сарын сүүлчээр хөлдөж, 5 дугаар сарын эхээр гэснэ. Усны химийн бүтцийг үзвэл 1 литр усны нийт эрдэсжилтийн хэмжээ 722,76 мг, хуурай үлдэц 480,4 мг усны хатуушилт 2,8 мг/экв болно.
Байгалийн нөөц:
Хэнтийн өндөр уулс зүүн, баруун, урагшлах тусмаа намссаар дундаж өндөр ууласт шилждэг. Тийм хэсэгт Хангалын нуур байх бөгөөд налуувтар хажуу нь делюви, пролювийн сэвсгэр хурдсаар илүүтэй бүрхэгджээ. Тиймч учраас үндсэн чулуулаг ил гарсан нь бага юм. Гуу жалгаар нилээд хэрчигдсэн бөгөөд тэдгээрийн амсарт хушуурсан туугдас давхарлан тогтсон үзэгдэнэ. Хад асга цөөн тохиолдохын хамт солифлюкцийн үзэгдэл ч ховор юм. Энгэр хажууд нарны цацраг эгц тусч ууршилт эрчтэй явах нөхцлийг бүрдүүлнэ. Зуны борооны ус хөрсөнд хадгалагдах нь харьцангуй бага. Энэхүү ландшафт наран илүү ээгддэг тул өдрийн агаарын температурын хэлбэлзэл их байна. Хур тундасны хэмжээ харьцангуй бага учир уур амьсгал хуурайвтар боловч ойн ургамал ургах наад захын нөхцөл алдагддагүй гэж хэлж болно. Тэрч байтугай өвөл ордог цас ой дотор багагүй хунгарлана. Хөрсөн бүрхэвч ойн бараан хөрснөөс бүрэлдэх бөгөөд механик бүрэлдэхүүний хувьд голчлон элсэнцэр юм. Харин ялзмаг багатай байдаг, дээд давхарганд 3-4 хувиар бараг үл хэтэрнэ. Олон жилийн цэвдэг чулуулаг энд гол төлөв 3-4 метрээс доош гүнд орших тул хөрсний тогтворжилтонд төдийлөн мэдэгдэхүйц үзүүлдэггүй байна. Энэ хөрсөн дээр өвслөг ургамал шигүү ургаж төгөл үүсч тогтворжсон байна. Ойн гишүү нь 0,4-0,5-аас үл хэтэрдэг буюу ерөнхийдөө сийрэг гэсэн үг. Ийм ойд сөөг ургамлын төрөл зүйлээр цөөн юм.
Ургамлын бүрхэвч:
Сөөг ургамлаас бургас, далан хальс, нохойн хошууг дурдаж болно. Харин өвслөг ургамлын зүйл илүү олон бөгөөд сибирь шимтэглэй, мягмарсанжаа, холтсон цэцэг, торгон шарилж, гүзээлзгэнэ зэрэг ургамал чухал үүрэг гүйцэтгэнэ.