Хүлэг баатар боорчийн нутагт “Андлалын өргөө “ цогцолборын шав тавигдлаа

Батноровчууд 2018 оныг “Өв соёл-Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарлаж, үүний хүрээнд хийгдэх гэж буй томоохон бүтээн байгуулалтын нэг нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар бүтээгдэх гэж буй “Анд нөхөрлөлийн өргөө” юм.

Зуны дунд сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр Их Эзэн Чингис хааны үнэнч нөхөр Хүлэг баатар Боорчийн төрсөн нутаг Батноров суманд “АНД НӨХӨРЛӨЛИЙН ӨРГӨӨ”-ний шав тавигдлаа.

Уг өргөө нь 18 метрийн өндөртэй, үйлчилгээний бүхий л хэлбэрүүдийг багтаасан цогболбор болж 2019 онд ашиглалтанд орох юм. Монголын мянга мянган залуусын, иргэдийн нөхөрлөлөө бататгах авшиг шингэсэн газар болох учиртай билээ.

 

Анд нөхөрлөлийн өргөө нь Эхэнбүрд багийн нутаг Дэлгэр-Өлзийт хайрханы энгэрт баригдах гэж буй бөгөөд уг хайрханы овоо тахилгын наадамтай зэрэгцэн шав тавих ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж, УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Нутгийн зөвлөлийн тэргүүн дэд дарга, аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар, Жонан Ханчин гэгээнтэн, ШУА-ын түүх, археоллогийн доктор Б.Цогтбаатар, СГЗ н.Эрдэмбилэг, аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөр  тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирж ёслолын үйл ажиллагаанд оролцлоо.

Уг бүтээн байгуулалт хийгдсэнээр аялал жуулчлал хөгжих, түүх соёлыг сурталчилан таниулах, эдийн засгийн эргэлтэнд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг нээлтэнд оролцогсод хэлж байлаа.