Ургамлын аймаг – /Шинжлэх ухааны академын Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 2019 онд нэгтгэсэн судалгааны дүнгээр/
Монгол орны ургамал-газарзүйн мужлалаар (А.А.Юнатовын ангилаагаар, 1950) Хэнтий аймгийн газар нутгийн баруун хойд хэсэг нь Евразийн шилмүүст ойн мужийн Өвөр Байгалийн уулын тайгын хошууны Хэнтийн уулын тайгын тойрогт багтдаг бол өмнөд хэсэг нь Евразийн хээрийн мужийн Монгол Дагуурын уулын хээрийн тойрог болон Дундад Халхын хээрийн тойргуудад тус тус хамаарагддаг.
Мөн Монгол орны ой-ургамалжлын мужлалаар Хэнтий аймгийн ой мод бүхий хэсэг нь Өвөр байгалийн-ой ургамалжлын мужид хамаарах баруун Хэнтийн хошуу болон Эрээний нурууны хошуунд тус тус хамаарагддаг.
Хэнтий аймгийн газар нутаг ургамалжлын бүс бүслүүрийн хувд өндөр уулын буюу тагийн, уулын тайгын, уулын ойт хээрийн бүслүүр, хуурай хээрийн болон цөлийн хээрийн бүсэд хамаарагддаг.
Хэнтий аймгийн ургамалжил нь өндөр уулын, ойн, хээрийн, татмын, цайдмын гэсэн үндсэн 5 хэвшинж, өндөр уулын царам, умардын тайгын ой, тайгархаг ой, бут сөөг, торлог бүхий газрын, нугын хээр, хуурай хээр, цөлжүү хээрийн, чийглэг татмын нугын, хужирлаг хотгор нам газрын, элсэрхэг газрын гэсэн 10 дэд хэвшинж, 34 бүлэг эвшилээс тогтоно.
Хэнтийн аймаг нийт 80.325.08 км2 газар нутагтай. Үүний 262.41 км2 талбай буюу нийт нутгийн 0.33%-ийг өндөр уулын ургамалжил, ойн ургамалжил 12.303.67 км2 буюу 15.33%-ийг үүнээс 4897.48 км2 буюу 6.10%-ийг умардын тайгын ой, 7406.19 км2 буюу 9.23%-ийг тайгархаг ой эзэлж байна.
Ойн зах, томоохон голын эх түүний хөвөө болон уулын чийглэг хөндий түүний эхээр дагалдах байдалтай ургадаг бут сөөг, торлог бүхий ургамалжил нийт нутгийн 1297.98 км2 талбай буюу 1.62%-ийг эзлэн тархана.
Хээрийн ургамалжил 59420.70 км2 буюу нийт нутгийн 74.02%-ийг эзэлнэ. Хээрийн ургамалжлыг дотор нь хувааж үзвэл: нугын хээр 31.02%-ийг, хуурай хээр хамгийн их буюу 41.46%-ийг харин цөлжүү хээр хамгийн бага буюу ердөө 1.54%-ийг эзлэн тархана.
Хэнтий аймагт тохиолдох томоохон голын нуга түүний татам, ус чийгтэй газруудаар тохиолдох татмын ургамалжил 5812.20 км2 буюу нийт нутгийн 7.24%-ийг эзэлнэ.
Хужир марзлаг бүхий хотос хонхор газарт тохиолдох цаймдын ургамалжил 1119.74 км2 буюу нийт нутгийн 1.40%-ийг эзлэн тархаж байна.
Харин элсэрхэг газрын буюу элсний ургамалжил 34.24 км2 талбайд буюу нийт нутгийн маш бага 0.04%-ийг эзлэн тархаж байна
Хэнтий аймгийн ургамалжлын ангилал
№ | Ургамалжлын хэвшинж | Дэд хэвшинж | Бүлэг эвшлийн тоо | Талбай
/км2* / |
Талбай % |
1 | Өндөр уулын ургамалжил | Өндөр уулын царам | 1 | 262.41 | 0.33 |
2 | Ойн ургамалжил | Умардын тайгын ой | 5 | 4897.48 | 6.10 |
Тайгархаг ой | 4 | 7406.19 | 9.23 | ||
Бут сөөг, торлог | 1 | 1297.98 | 1.62 | ||
3 | Хээрийн ургамалжил | Нугын хээр | 5 | 24905.51 | 31.02 |
Хуурай хээр | 7 | 33281.72 | 41.46 | ||
Цөлжүү хээр | 1 | 1233.47 | 1.54 | ||
Элсэрхэг газрын | 1 | 34.24 | 0.04 | ||
4 | Татмын ургамалжил | Чийглэг татмын нуга | 6 | 5812.20 | 7.24 |
5 | Цайдмын ургамалжил | Хужирлаг хотгор | 5 | 1119.74 | 1.40 |
Нийт | 10 | 36 | 80250.94 | 100 |
Хэнтий аймагт хамаарах бүс нутгийн хэмжээнд нийт 94 овгийн 417 төрөлд хамаарах 1123 зүйл ургамал Хэнтий аймгийн нутагт ургадаг.
Үүнээс нэн ховор 44 зүйл, ховор 69 зүйл, Монгол улсын Улаан номонд (2013) орсон 24 зүйл ургамал байна.
Улаан дансны шалгуураар үнэлсэн 141 зүйл ургамал байгаагаас устаж байгаа 8 зүйл, устаж болзошгүй 19 зүйл, эмзэг 46 зүйл, ховордож болзошгүй 34 зүйл ургамал байна.
Унаган 10 зүйл, завсрын унаган 72 зүйл, үлдвэр ургамал 10 зүйл ургамал тархана.
Ховордлын зэрэгтэй, унаган, завсрын унаган, үлдвэр ургамал нийт 216 зүйл буюу Хэнтий ургамлын аймгийн 19.2%-ийг эзэлж байна.
Нэн ховор ургамал: Байгалийн жамаар нэхэн сэргэх чадваргүй дэлхэц нутаг нь нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй устах аюулд орсон ургамлыг нэн ховор ургамал гэнэ (Бумжаа, 2002). Байгалийн ургамлын тухай Монгол Улсын хуулийн хавсралтад 133 зүйл нэн ховор ургамал байдгаас тэдгээрийн 33% буюу 44 зүйл ургамал нь Хэнтий аймагт ургадаг.
Ховор ургамал: Байгалийн жамаар нөхөн сэргээх чадвараар хязгаарлагдмал, нөөц багатай устаж болзошгүй ургамлыг ховор ургамал гэнэ (Бумжаа, 2002). Монгол Улсын засгийн газрын 1995 оны 153-р тогтоол, 2004 оны 165-р тогтоолуудын хавсралтанд 358 зүйл ховор ургамал байдгаас тэдгээрийн 19% буюу 69 зүйл ургамал нь Хэнтий аймагт тархаж байна.
Монгол орны Улаан ном (2013) орсон ургамал: Нэн ховор, ховор ургамлыг хамгаалах талаарх төрийн бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулах зорилгоор Монгол улсын улаан номонд оруулдаг. 2013 оны Монгол улсын улаан ном бүтээлд 138 зүйл ургамал орсноос 24 зүйл ургамал нь Хэнтий аймагт тэмдэглэгдсэн байна.
Хэнтий аймгийн ургамлын аймгийн нэн ховор, ховор
болон улаан номонд орсон ургамал
|
Нэн ховор ургамал | Ховор ургамал | Улаан номонд орсон ургамал (2013) |
Овог |
23 | 34 | 13 |
Төрөл | 36 | 59 | 20 |
Зүйл | 44 | 69 | 24 |
Унаган ургамал: Маш хязгаарлагдмал тархацтай дэлхий дээр өөр газар, аль ч нутаг оронд байдаггүй тийм ургамлыг унаган ургамал (эндемик, эндем) гэнэ (Бумжаа, 2002).
Монгол орны гуурст ургамлын аймагт унаган ургамал 153 зүйл байдгаас 10 зүйл нь Хэнтий аймагт тархаж байна. Үүнд: Балуун шивэрс (Lycopodium clavatum), Хавчгар хошилз (Diphasiastrum complanatum), Хос навчит шөнийннил (Platanthera bifolia), Хөхөө цүнхрэг (Neottianthe cucullata), Фуксын сарвууцахирам (Dactylorhiza fuchsii), Максимовичийн сонгино (Allium maximowiczii), Паской хорс (Aconitum paskoi), Нүцгэн товь (Mitella nuda), Бяцхан жимст нэрс (Vaccinium microcarpum), Алтан шар шарилж (Artemisia xanthochloa) зэрэг ургамлууд байна.
Завсрын унаган ургамал: Унаган ургамлыг тухайн тивийн, нутгийн, тойрог хошууны, эсвэл аль нэг уулынх эсвэл нэр бүхий газрын байж болно (Бумжаа, 2002). Үүнийг завсрын унаган ургамал гэнэ.
Монгол орны гуурст ургамлын аймагт унаган ургамал 458 зүйл байдгаас 72 зүйл нь Хэнтий аймагт бүртгэгдсэн байна.
Үлдвэр ургамал: Эртний гарал үүсэлтэй, өдгөө үлдэж хоцорсон ургамлыг үлдвэр ургамал гэнэ.
Монгол орны гуурст ургамлын аймагт 70 зүйл үлдвэр ургамал байдгаас түүний 14% буюу 10 зүйл нь Хэнтий аймагт ургаж байна.
Хэнтий аймгийн ургамлын аймгийн унаган, завсрын унаган, үлдвэр ургамлууд
Унаган ургамал ургамал (Өлзийхутаг, 1989), (Ургамал нар, 2017), (Ургамал нар, 2018) | Завсрын унаган ургамал ургамал (Өлзийхутаг, 1989), (Ургамал нар, 2017), (Ургамал нар, 2018) | Үлдвэр ургамал (Бумжаа, 2002) | |
Овог | 4 | 19 | 7 |
Төрөл | 8 | 42 | 7 |
Зүйл | 10 | 72 | 10 |
Хэнтий аймаг нь нийт 7.6 сая га бэлчээр, хадлангийн талбайтай байна.