Өглөгчийн хэрэм

Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45 км, Баян гол өглөгчийн голд нийлэх бэлчирээс 8-10 км орчим зайд, Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын амнаа шавар наалтгүйгээр чулууг нямбайлан уул түшүүлэн барьсан хэрмийг өглөгчийн хэрэм гэдэг.

Ойролцоогоор гурван км орчим, урд, өмнө талдаа хоёр хаалганы оромтой, дотроо жижиг шороон далангийн үлдэц бүхий эл хэрмийн ханын чулуун өрлөг зүүн өмнөд ба өмнөд хэсгээрээ тод мэдэгдэх бөгөөд бусад хэсгийг газрын хөрснөөс ялгаж харахад түвэгтэй болжээ. Хэрмийн ханын өндөр 1926 онд Зөвлөлтийн эрдэмтэн С. Кондратьевийг үзэхэд янз бүрийн хэсэгтээ 2,5-4,5 м байсан бол одоо хамгийн өндөр хэсэгтээ 3,1 м өндөр, 2,5 м зузаантай байв. Хэрмийн дунд алсаас тодхон харагдах гозгор хадан цохиог нутгийн ардууд “Чингисийн морины уяа” хэмээн домоглодог.

  

Өглөгчийн хэрэмд барилга байсан ор улбаа байхгүй бөгөөд хэрмийн дотор хананд тулган шороон дэвсэг нэмж тэгшилснээс үндэслэж С.Кондратьев 12-14-р зууны үеийн нум сумчдын бэхлэлт байсан болов уу гэж үзсэн тал бий. Харин түхч Х.Пэрлээ тэндээс олдсон олдвор шавар савны хагархайнуудаар баримжаалж Хятаны үед холбогдоно гэж тогтоожээ. Гэвч өглөгчийн хэрэм нь Хятаны тухай сурвалж бичигт нэр гардаггүй бөгөөд Хятан улсын эзэлсэн Монгол аймгийн нутгийн заагаас гадагш, Хурхын голын савд оршдог дурсгал юм.