Аварга тосон

Аварга тосон рашаан сувилал нь Монгол түмний буурал түүхийн алтан хуудаснаа мөнхөд бичигдсэн түүхэн үйл явдал, түүхт газар, түүх соёлын олон мянган баталгааг агуулсан үнэлж баршгүй түүхийн дурсгалт газарт тооцогддог “Хэрлэнгийн хөдөө арал” гэж алдаршсан эртний өлгий нутагт байрладаг нь онцлог давуу талтай юм.

Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 203 километр зайтай байдаг. Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, калцийн найрлагатай соодлог нуур юм.

Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, 2 ба 3 цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм. Ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд тохиромжтой. Шавар эмчилгээг хорт хавдар, үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, элэгний хатуурал өвчинд зохимжгүй гэдгийг анхаараарай. Харин дараах өвчний үед онцгой нөлөөтэй.

-Төрөл бүрийн арьсны өвчнүүд, харшил

-Хордлогын нөлөөлөлтэй өвчин

-Мэдрэлийн системийн өвчнүүд

-Бөөр, нуруу, эмэгтэйчүүдийн өвчин

-Элэг цөс, нойр булчирхай

-Нарийн бүдүүн гэдэсний шархлаа зэрэг өвчний архаг үе

-Гэмтэл бэртлийн дараах үе, ангина, үе мөчний архаг үед рашаан онцгой үр нөлөөтэй.

Эмчилгээний шавар нь байгалийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр тогтдог ус, эрдэс, шаварлаг эрдэс, органик бодисуудаас тогтох нэгэн төрлийн ашигт малтмал бөгөөд байгалийн янз бүрийн нөхцөлд төрөл бүрийн физик-химийн процесс ба бичил биетний амьдралын үйл ажиллагааны дүнд тунамал комплекс бүтээгдэхүүн байдлаар үүсдэг.

 

Эмчилгээний шавар нь дулаан физик чанар, биологийн идэвхт бодисыг агуулсан орган-эрдэсийн бүрэлдэхүүн, төмөр, зэс, хөнгөн цагаан, кобальтын ислүүд, аминхүчлүүд, нүүрс устөрөгчид, хүхэрт устөрөгч, азот, даавар, антибиотик, витамин зэрэг төгс нэгдлүүдийнхээ ачаар эмчилгээний шинж чанартай болдог. Эмчилгээний шавар нь нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Аваргатосонгийн анагаах шавар нь 12.851 г/л эрдэсжилтын агуулгатай. РН – 9.7 уусмалын орчин байгаа нь тогтоогдсон. Эмчилгээний шаврын нэг онцлог нь өөрт агуулагддаг бичил биетийнхээ амьдралын үйл ажиллагааны дүнд биологийн процесс явагддагт оршино.