“Нөхөрлөл хөгжил -2017” наадам зохион байгуулагдлаа

Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор ойн нөхөрлөлүүдийн  “Нөхөрлөл хөгжил -2017” наадам  2017 оны 09 сарын 20-21 –ны өдрүүдэд Чингис хотод зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, The nature Concervancy  олон улсын байгууллага,  “Ой бүхий аймгуудийн биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх” төсөл, “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай  газар нутгийн сүлжээ” төсөл,  Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй эмзэг голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төсөл, Даян Дэлхийн Байгаль орчны сангийн жижиг төслийн хөтөлбөр,  Хэнтийн мэдээ сонин зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа. Наадамд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудаас нийт 60 гаруй нөхөрлөлийн төлөөлөл оролцож үйл ажиллагаагаа танилцуулав.

Дээрх үйл ажиллагааны  хүрээнд нөхөрлөлүүдийн үзэсгэлэн худалдаа, дэвжээ тэмцээн, нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудын талаарх хэлэлцүүлэг зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж  дээд шатны байгууллагуудад хүргүүлэх санал, зөвлөмж гаргав. Тус зөвлөмжинд ой, ус, амьтан, бэлчээр зэрэг байгалийн баялагийг ашиглах хүрээнд нөхөрлөлийн эзэмшлийн талбайтай хамааралтай гаргаж байгаа ойн анги болон төрийн байгууллагуудын шийдвэр тухайн нөхөрлөлийн гишүүдтэй зөвшилцөж гардаг болох, нөхөрлөлд ажиллаж байгаа идэвхитэн байгаль хамгаалагчийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд зохион байгуулалттайгаар нийлүүлдэг болгох, аливаа нөөцийн судалгааг хийхдээ нөхөрлөлийн гишүүдийн оролцоог хангах зэрэг олон асуудлуудыг хэлэлцэж тусгалаа.

Мөн байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл үүсч байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан “НОГООН ХӨГЖЛИЙН ЗАМ НӨХӨРЛӨЛ” сэтгүүлийг шинээр хийж гаргалаа. Тус сэтгүүлд Орон нутгийн удирдлага, Байгаль орчны салбарын төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга, мэндчилгээ, ойн анги, нөхөрлөлүүдийн холбоо,  ойн  болон байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн  танилцуулга, өмнөх жилүүдэд гаргасан амжилт болон урд жилүүдэд зохиогдож байсан Нөхөрлөл хөгжил наадам, түүний онцлогуудын талаарх мэдээллүүдийг багтааж нийт 500 ширхэг хэвлэн гаргасан байна.

“Нөхөрлөл хөгжил -2017” наадмын шилдэгүүдийг тодоруулах үйл ажиллагаанд шилдэг нөхөрлөлийн холбоогоор Хэнтий аймгийн Батширээт сумын нөхөрлөлийн холбоо, шилдэг нөхөрлөлийн тэргүүн байрыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баруун жаргалант нөхөрлөл, дэд байрыг Батширээт сумын Хамтын хүч нөхөрлөл, гуравдугаар байранд Биндэр сумын Цагаан нуга нөхөрлөл тус тус шалгарч Өргөжлөл мөнгөн шагналаар шагнагдав.  Харин шилдэг бүтээгдэхүүнээр Сүү цагаан идээний төрөлд 1-р байранд Баян-Адрага сумын Шинэст онон нөхөрлөлийн Бяслаган салат, 2-р байранд Дорнод аймгийн Цагаан овоо сумын сүүн чихэр, Жимс жимсгэнэ, зөгийн балны төрөлд 1-р байранд Батширээт сумын Хамтын хүч нөхөрлөлийн улаалзганы дарс, 2-р байранд Биндэр сумын Дэлгэр-Онон нөхөрлөлийн Зөгийн бал, Гар урлалын төрөлд 1-р байранд  Дадал сумын Цагаан булаг нөхөрлөлийн модон ваар болон  тариан түрүү, 2-р байранд  Норовлин сумын Хамтын хүч нөхөрлөлийн модон түлхүүрийн зүүлт, хүзүүний зүүлт,  Модон эдлэлийн 1-р байранд  Өмнөдэлгэр сумын Сайхан өндөр нөхөрлөлийн модон сандал ширээ, 2-р байранд Дадал сумын Баянцагаан нөхөрлөлийн модон эдлэлүүд /үйсэн сав/,  Ноос ноолуур, арьс ширэн эдлэлийн төрөлд 1-р байранд Норовлин сумын Энгэр булаг нөхөрлөлийн эсгий эдлэл, 2-р байранд Сүхбаатар аймгийн Түмэн цогт сумын эмэгтэйчүүдийн бүлгийн оёмол бүтээгдэхүүнүүд тус тус шалгаран шагналаа гардан авлаа.

Нөхөрлөл хөгжил наадмыг зохион байгуулсан төрийн болон төрийн бус байгууллагууд, наадамд оролцсон нийт оролцогчид, нөхөрлөлийн гишүүддээ цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.