Хэнтий аймаг аялал жуулчлалын ITM-2019 үзэсгэлэнд амжилттай оролцлоо

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг Ай Ти Эм /ITM/ Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 20 дахь жилдээ 2019 оны 3-р сарын 29, 30, 31-ний өдрүүдэд “Мишээл Экспо” үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнгийн үеэр Хэнтий аймаг Монголын аялал жуулчлалын холбооны 2020 оны түнш аймгаар сонгогдож шилжин явах тугаа гардан авлаа.
Хамтран ажиллах санамж бичигт аймгийн Засаг дарга Н.Ганбямба, МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр нар гарын үсэг зурсан юм. Ингэснээр Хэнтий аймгийг бүтэн жилийн турш олон улсад сурталчлах, томоохон эвент арга хэмжээг хамтран зохион байгуулж жуулчдыг татах, гадаад харилцааг өргөжүүлэх юм.
Тус үзэсгэлэнг 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Монгол, Япон, Тайланд, ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО болон 21 аймгийн аялал жуулчлал, тээвэр, зочлох болон үзвэр үйлчилгээний 320 гаруй байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологи, шилдэг инновацийг танилцуулж оролцсон ба Хэнтий аймгаас Батширээт суманд үйл ажиллагаа явуулдаг Чингисийн өлгий, Онон Ёл, Ивээлт хайрхан баазууд “Ёохор наадам” аялал жуулчлалын эвент арга хэмжээгээ сурталчлан оролцлоо. Дадал сумаас Чингисийн гурван нуур, Алтаргана, ДМД жуулчны баазууд, Биндэр сумаас Чингисийн тоонот жуулчны бааз, Дэлгэрхаан сумаас Хилчин, Эвтэй дөрвийн өргөө амралтын газар, Дадал сумын гар урчууд хийсэн бүтээлээ танилцуулан оролцлоо.