Талын түмэн адуу-2018 эвент арга хэмжээ зохион байгуулагдлаа

Талын түмэн адуу -2018 эвент арга хэмжээг 2018 оны 11 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Батноров суманд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газар, Хэнтий аймгийн ЗДТГ-ийн  Хөрөнгө оруулалт, Хөгжлийн Бодлого Төлөвлөлтийн хэлтэс, Хөдөө аж ахуйн газар, БОАЖгазар, Музейн хамт олноос гадна Батноров сумын ЗДТГ, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Эргэх Холбоо ТББ, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний  ажлын алба, Монгол төрийн дархан нэгдсэн холбоо, Батноров сумын Улаанбаатар хот дахь Нутгийн Зөвлөл, Монгол Тайга Холбоо, Гэрэл зурагчдийн нэгдсэн холбоо гэх мэт олон өөр өнцгүүд нэг зүйлийн доор нэгдэж амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, Хөрөнгө оруулалт Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Хөдөө аж ахуйн дарга Ж.Энх-Амгалан нар оролцлоо.  Монгол адуу, адуучны өв соёлыг хэвээр хадгалан авч үлдэх зорилгын хүрээнд нутгийн 976 тооны адууг оруулж жуулчидад зориулсан олон үзүүлбэрүүдийг зохион байгуулсан бөгөөд монгол үндэсний дээл хувцасаараа гоёсон олон хүүхдүүд олны анхаарлыг татаж байлаа.

Тус эвентийг 2018 оны хавар, зуны турш БНХАУ-ын Өвөрмонголын одон ТВ-ээр эрчимтэй сурталчилсны үр дүнд нийт жуулчдын 40 гаруй хувь нь Өвөр монгол болон Хятад жуулчид эзэлж байсан бөгөөд ирэх жилүүдэд энэ сурталчилгаагаа барьж ажиллах тохиолдолд илүү их зочдыг хүлээн авах боломжтой нь харагдаж байна. Харин бусад орны жуулчдын тухайд Герман, АНУ, Их Британи, Австрали, Польш, Франц, Хятад, Япон зэрэг 15 орчим орны жуулчид байв.

  

Эвентийн баг нь сэтгүүлч, дизайнер, мэдээлэл түгээгч гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг өдрийн 2-3 контент бэлтгэн сошиал талбарт нийтэлж, гурван сарын хугацаанд ажилласан болно. Талын түмэн адуу-2018 аялал жуулчлалын эвент зохион байгуулагдахаас  өмнөх 14 хоногийн хугацаанд эвентийн тухай, түүнийг дэмжиж хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа танилцуулсан яриа, уулзалт, нэвтрүүлэгт 10 удаа оролцуулж, 50 гаруй хэвлэлд тус эвентийн тухай мэдээ мэдээлэл нийтлүүлсэн байна.

   

Энэ удаагийн арга хэмжээг 20 байгууллагын дэмжлэг хүлээн авсан бөгөөд тэднээс 12 сая төгрөгийг бэлнээр босгосон байна. Мөн бэлэн бусаар 10 орчим сая төгрөгийн санхүүжилт босгосон бөгөөд эдгээр мөнгөний 90 хувь нь шагнал урамшуулал, ажиллах хүчний цалин, бараа бүтээгдэхүүний худалдан авалт байдлаар Батноров суманд үлдсэн болно.

Зөвхөн арга хэмжээний үеэр нутгийн бренд бүтээгдэхүүн болох уран дархан хүмүүсийн оёсон эмээлийн гөлөм, дэвс, гутал болон мөнгөн эдлэл ташуур, уурганы хуйв зэрэг адууны эдлэл хэрэглэлийн худалдаанаас гэхэд 10 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь үнэхээр орон нутагт үр өгөөжөө өгсөн арга хэмжээ боллоо.