Ойн хаягдал ашиглан био нүүрс үйлдвэрлэх зөвлөгөө

Хатсан, унасан мод, гишүү, мөчир, үртэс, зомгол зэрэг модон түүхий эдийг хүчилтөрөгчгүй орчинд халаах аргаар үйлдвэрлэсэн, ус агаар шингээх чадвар бүхий нүх сүвүүдтэй сэвсгэр, хар өнгийн нүүрс юм. Модноос гаргаж авсан бионүүрсний илчлэг чанар нь 7100-7500 ккал байгаа нь нүүрснээс 2 дахин их үзүүлэлт юм. Утаа болж дэгддэг хий тосыг зориулалтын зуухны тусламжтайгаар алдагдахаас сэргийлж хуримтлуулж авна. Ингэснээр мод нүүрс болж хувирахдаа 3 дахин хөнгөрдөг төдийгүй, илчлэг чанар нь 3 дахин нэмэгддэг байна. Энэ хөнгөн бөгөөд илчлэг чанар нь нүүрсийг аялал зугаалга, хөдөө хээр түлшинд ашиглахад нэн тохиромжтой болгож байна. Бионүүрсийг модон түүхий эдээс гадна органик материал болох таримал ургамлын үлдэгдэл, сүрэл, мал амьтны өтөг бууц зэргээс гаргаж болдог. Модны нүүрс буюу бионүүрсийг унанги, хатсан модны төрөл болон том жижиг хэмжээнээс нь хамааруулж янз бүрээр ашиглаж болно.

  1. Ойн унаш буюу унасан навч, шилмүүс, намиа, холтос, зомгол, үртэс зэрэг жижиг хэмжээтэй хаягдлаас гаргаж авсан нунтаг бионүүрсээр хөрс сайжруулах бордоо, үржил шим сайтай хөрс бэлтгэхээс гадна үхрийн баас /15%/-ыг барцалдуулагч болгон ашиглаж энгийн гар хэвээр шахаж хэвлэн түлш болгон ашиглана. Мөн шахмал түлш хэвлэгч төхөөрөмжинд нунтаг нүүрсээ шууд хийж даралтаар шахаж шахмал био түлш хийнэ.
  2. Нарийн мөчрөөс гаргаж авсан нүүрсийг нүүрсэн харандаа болгож уран зургийн сургалт, уран зураг зурахад ашиглаж болно.
  3. Модны нүүрс нь илчлэг өндөртэй, коксждог тул уран дарханы ажилд маш их хэрэгтэй байдаг.
  4. Бионүүрсний ил гал дээр мах шарахад амттай болдог тул зоогийн газар, ресторанд шарах төрлийн хоол хийхэд ашигладаг.
  5. Зууханд багтах хэмжээтэй нүүрсийг  түлээ, аргалын оронд шууд түлж хэрэглэнэ.
  6. Модноос хэд дахин хөнгөрсөн байдгийн дээр илчлэг чанар нь төдий чинээ нэмэгддэг тул хөдөө хээр аялал зугаалганд явахдаа түлшинд хэрэглэнэ.
  7. Ундаа усны үйлдвэрт цэвэршүүлэгч шүүлтүүр болгож ашиглана.
  8. Агаар цэвэршүүлэгч шүүлтүүр хийж болно.
  9. Гэдэс дотор цэвэрлэх эм болон хордлого тайлах үйлчилгээтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглана.
  10. Өндөр технологи ашиглан био хий гарган авч эрчим хүч үйлдвэрлэж болно.

Энгийн аргаар гаргаж авсан бионүүрсний эдгээр хэрэгцээт бүтээгдэхүүнүүд нь суурин газраас алслагдсан хөдөөгийн малчид, ойн нөхөрлөлийн айл өрхөд хэрэгтэй бөгөөд арга технологи нь сургалтаар сураад хэрэгжүүлэхэд маш энгийн тул хэрэгжүүлэх боломжтой юм. Мөн өөрийн хэрэгцээнээс илүү гарсан нүүрсээ борлуулж болно.

Бионүүрсийг үйлдвэрлэх /гаргаж авах/: Маш энгийн, зориулалтын зууханд модон материалаа өрж байрлуулан галлаж яндан бүхий тагаар таглаж хүчилтөрөгчгүй орчныг үүсгэн халаах арга юм. Энэ аргыг хүчилтөрөгчгүй орчинд халаан нүүрсжүүлэх пиролиз /pyrolysis/ технологи гэдэг.

Монголын ХААИС-ийн эрдэмтдийн хийж туршсан метал зуух ВСнS-2нь цагт 10кг цэвэр нүүрс гаргаж авах бүтээмжтэй, ашиглахад хялбар, авсаархан, хөдөөгийн нөхцөлд тохирсон зэрэг давуу талтай. Зах зээлийн үнэ нь 300000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Хэвийн чийгтэй жигд жижиглэн бэлэн болгосон түүхий эдийг бионүүрсний зууханд хийж агаар оруулахгүйгээр битүү таглаж 400-6000С-ийн температурт түүхий эдийн төрлөөс хамааруулан 30-60 минут халаана.

Ийнхүү пиролиз явагдаж дууссаны дараа бэлэн болсон бионүүрсийг зуухнаас гарган агааргүй орчинд (битүү савтай нь) 20-25 минут хөргөнө. Хөргөсний дараа бэлэн болсон бионүүрсийг шууд хэрэглээнд шилжүүлнэ.