Хэнтий аймгийн “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖИЛ” зөвлөгөөн боллоо

Хэнтий аймаг нь Монгол улсын түүхэн аялал жуулчлалын тулгуур бүс нутаг болон хөгжиж байгаатай холбогдуулан Чингис хотод анх удаа аялал жуулчлалын салбарын зөвлөгөөнийг “Хэнтий аймгийн Аялал жуулчлалын хөгжил ” нэртэйгээр зохион байгууллаа.

Мянганы суут хүн их Эзэн Чингис хааны өлгий нутагт тавтай морил” уриан дор зохион байгуулагдаж буй уг зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн удирдлагууд болон Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга, нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Батбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, Монголын Зочид буудлуудын холбооны гүйцэтгэх захирал Н.Батцэнгэл, Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн доктор Б.Цогтбаатар,  Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгийн эрдэмтэн багш судлаачид, Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазуудын захирал, Зочид буудлын захирал менежер, хувиараа бизнес эрхлэгч, Дадал сумын Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга мэргэжилтэн нар оролцлоо.

 

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Мянганы суут хүн их Эзэн Чингис хаан түүхэн аялал жуулчлалын үндэсний парк” төслийг танилцуулсан юм. Мөн Хэнтий аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар илтгэгчид хэлэлцүүлж оролцогчид өөр өөрийн байр сууриа илэрхийлэн санал бодлоо солилцон ярилцсан бөгөөд аймгийн Засаг дарга Н.Ганбямба орон нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтын 20-30 хүртэлх хувийг зарцуулна гэдгээ илэрхийллээ.

 

 

Зөвлөгөөний төгсгөлд Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх түр хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөрөөр ахлуулахаар шийдвэрлэсэн бөгөөд төр хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон энэхүү түр хороо цаашдаа хуралдаж төлөвлөгөө гарган асуудлуудаа нарийвчлан шийдвэрлэхээр болсноор зөвлөгөөн өндөрлөсөн юм.