Хэнтий аймгийн 9-н гайхамшиг Рашаан хад

Рашаан хад нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт Биндэр уулын зүүн урд хормойн цохио бүхий үзүүрт оршдог. Рашаан хад нь чулуун зэвсгийн үеэс эхлээд XVI зууны үе хүртэлх он цаг үед хамаарах Монголын дорнод хэсгийн түүх соёлын дурсгалт цогцолбор юм.

                       

Энэ хадны орчимд чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг, янз бүрийн бичиг үсгийн дурсгал, бичээсүүд, чулуун зэвсгийн дурсгалууд, хүрэл, төмөр зэвгийн үе болон Хүннү, Кидан, Монголын эзэнт гүрний үед хамаарах түүхэн дурсгалууд болон булш олон байдаг аж. Уг хаданд байх эртний нүүдэлчдийн тамга, бичиг, үсгийн дурсгалыг анх 1961 онд эрдэмтэн Х.Пэрлээ илрүүлжээ. Рашаан хаднаа сийлсэн хэдэн зуун тамга тэмдэг, хүн амьтны дүрс нь түүхийн өөр өөр үед хамаардаг нь гадны жуулчдыг ихээр татдаг байна.

                                           

Рашаан хадны бичиг үсгийн дурсгал: Рашаан хаднаа ан амьтан, хүнийг зургийг цоолборлон зурж, овгийн хэдэн зуун тамгыг сийлсэн байхаас гадна Орхон-енисей, Кидан, Араб, Перс, Түвд, Монгол, Манж бичгээр 20 гаруй бичээсийг бичиж үлдээжээ. Рашаан хаданд байх эртний нүүдэлчдийн тамга, бичиг, үсгийн дурсгалыг анх 1961 онд эрдэмтэн Х.Пэрлээ илрүүлэн судалжээ.

1979 онд Монгол Зөвлөлтийн түүх соёлыг судлах экспедици Рашаан хаданд байх бичээсүүдийн нарийвчлан судалж байхдаа өөр нэгэн Түрэг бичээс байгааг тодруулсан. Энэхүү хоёр дахь бичээсийн мөрний урт нь 60 см, үсэг зурлагын өндөр нь 17-20 см. Бичээсийн хойд талд нь янгирын дүрс сийлжээ. Анх олдсон Түрэг бичээсийг С.Харжубай, Х.Пэрлээ нар “атам апам ачигнун” гэж үгчлэн буулгаад орчин цагийн монгол хэлнээ “Эцэг өвгөдийн шан хишиг” гэж тайлжээ. Харин хоёр дахь Түрэг бичээсийг “сат атыч ерти” хэмээн үгчлэн буулгаад “Зоригтой ач хүү билээ” гэж орчуулжээ.

Рашаан хадны зураг: Рашаан хаднаа сийлсэн хэдэн зуун тамга тэмдэг, хүн амьтны дүрс нь түүхийн өөр өөр үед хамаарах ажээ. Рашаан хаданд хуучин чулуун зэвсгээс дунд чулуун зэвсгийн үед хамаарах олон зуун тамга тэмдэг, амьтдын зураг, олон хэлээр бичсэн бичээсүүд хадгалагдан үлджээ. Х.Пэрлээ 1943,1968 онд судалгаа хийсэн бөгөөд зүүн зүг рүү харсан боржин чулууны нүүрэн талд 180, ар талд нь 40 гаруй, сэрвээнд нь 50 гаруй дүрс тэмдэг сийлснийг олж тогтоосон байна. Рашаан хадны баруун талын нэгэн хаданд өндөр сэрвээтэй, богино бүдүүн хөлтэй, урт хошуутай арслан зааны их биеийн ерөнхий тигийг хөвөөлөн цохиж дүрсэлсэн нь Уралын Каповой агуй болон Европын агуйнуудад дүрсэлсэн арслан заануудын дүрстэй тун төстэй ажээ. Бас нэгэн хавтгай хаданд гурваараа сүрэглэн яваа савагт хирсийг дүрслэхдээ сүрлэг том биетэй, өндөр сэрвээтэй, богино хөлтэй, хоншоороос дээш ээтийж гарсан хамар дээрхи эвэр, соёо зэргийг онцлон зуржээ.