“СТРИЙМ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ АЖЛЫН АЙЛЧЛАЛ БОЛЛОО

2022.02.11 өдөр
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг хатагтай Аксель Никэйз болон Европын Комиссын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн төлөөлөгчдийн хамтаар “СТРИЙМ” төслийн хүрээнд Хэнтий аймагт дээд хэмжээний айлчлал хийлээ.
Энэхүү айлчлалын үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Суурин төлөөлөгч Даниел Пассон, болон Хүний эрхийн Үндэсний Комисс, Каритас Чех Репаблик, Хил хязгааргүй малын эмч нар ба агрономчид ТББ-ын төлөөлөгч нарын хамтаар Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон албаны бусад хүмүүстэй уулзалт хийв.
Энэхүү айлчлал нь Хэнтий аймагт хэрэгжиж буй төслүүд. орон нутгийн удирдлагуудтай танилцаж. шинээр хэрэгжиж эхэлсэн “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (СТРИИМ) төслийн хүрээнд санал болгож буй шийдлүүдийг танилцуулах зорилготой юм.
СТРИИМ төсөл нь “Монгол улсад хүнсний тогтолцоо, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шинэлэг, тогтвортой, ландшафтын түвшний менежментийг хэрэгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэх” зорилготойгоор Хэнтий аймгийн Биндэр, Өмнөдэлгэр, Баян-Адрага суманд 2021 оноос 2024 он хүртэл, гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд төслийн нийт санхүүжилт нь 4.55 сая евро юм. Энэхүү төслийг Европын холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (ВМZ)-ны хамтарсан санхүүжилттэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага. Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж байна.