“Ёохор хатар 2019 урлагийн наадам амжилттай зохион байгуулагдлаа

Ардын уламжлалт урлагийг төрийн ивээлд байлгаж, тэдгээрийг судлах, сургаж эзэмшүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, соёлын өв тээгчдийг тодруулан алдаршуулах, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Буриад зоны эртний уламжлалт бүжгийн “Ёохор хатар 2019” наадмыг Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ, ЗДТГ, “Батширээт Хөгжил Сан” ТББ-аас долдугаар сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.
Буриад зоны уламжлалт тойрон бүжиг Ёохор наадмыг 2014 оноос санаачлан зохион байгуулсан бөгөөд дөрөв дэх удаагийн наадамдаа Буриадын Хатар бүжгийн төрлийг нэмэгдүүлж, хоёр жилд нэг удаа зохион явуулах болсноороо онцлогтой.

Наадмын ерөнхий ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, БСШУСЯ, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар оролцсон бөгөөд олон улсын чанартай тус наадамд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын тойрог, Могойтын район, Улаанбаатар хот, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорнод аймгийн Дашбалбар, Баян-Уул сум, Хэнтий аймгийн Норовлин, Баян-Адрага, Дэлгэрхаан, Батноров, Батширээт сум, Өмнөдэлгэр сумын Гурванбаян тосгоноос нийтдээ 12 хамтлагийн 300 гаруй ардын авьяастнууд оролцож, Буриад ардын уламжлалт болон орчин үеийн бүжгийн төрлөөр өрсөлдлөө.

“ЁОХОР ХАТАР-2019” наадмын шилдгийн шилдэг “Гранпри” шагналын эзнээр Хэнтий аймгийн Батширээт сумын “Тоонот” хамтлаг шалгарч, өргөмжлөл цом, 3 сая төгрөгийг Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбаас гардан авлаа.

Энэ жилийн “ЁОХОР ХАТАР -2019” наадмын хүрээнд Эрдэм шинжилгээний бага хурал, Буриад бөхийн барилдаан, Буриад сурын харваа, Хатар жороо морьдын уралдаан, сээр цохих, Тойрон хатар хийх, Буриад зоны аялгуу тоглолт зэрэг уламжлалт уралдаан наадмыг зохион байгуулж, наадамд оролцогчдоос гадна 1000 гаруй зочид төлөөлөгчдийг татсан өргөн дэлгэр наадам боллоо.