Хэнтий аймгийн 9-н гайхамшигийн нэг Балдан Бэрээвэн хийд

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Балдан Бэрээвэн хийд нь Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу Хэнтийн нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт, Бат нуурын хойд талд байгалийн үзэсгэлэнт сайхан газар 1777 онд Богдын долоон цоржийн нэг Цэвээндорж номонхан Шар сүм, Цагаан сүмийг байгуулснаар суурь нь тавигдсан гэж үздэг бөгөөд 1813 онд Их Цогчин дуганыг байгуулсан байна.

Балдан бэрээвэн гэдэг нь ард түмний аман яриа дамжин хэлэгдсэн нэр бололтой. Балдан Барайвун гэдэг нь санскрит хэлний дрепун гэдэг “оргилсон будаа” гэсэн үгнээс гаралтай. Анх энд хийд байгуулахаар ирэхэд эмгэн өвгөн хоёр будаа буцалгаж байсан гэдэг. Өвгөнийг Балдан гэдэг байсан хэмээх нэгэн домог нутгийхан хуучилдаг.

Тус хийд нь цагтаа 8000 ламтай халх Монголын зүүн талын жигүүрийн шашин номын зонхилох төв байжээ. Оргил үедээ 4 сургуультай, өдөр бүр ном хурдаг 20 дугантай байсан ажээ. Бэрээвэн хийд нь Тэгчилэн, Намжил, Чойнхор, Тойсон гэсэн 4 аймагтай, мөн ёг, Дашнайчин дацан, Майдар, Аюуш, Цамба, Лхам бурхадын сүм, Номон хааны хашаа, Лавиран сүм, цорж ламын хашаа, жас, сангууд бүхий байгууламжуудаас бүрдэж байв.

Бэрээвэн хийд их хөвч тайга бүхий уулын энгэрт байрласан учир барилгууд нь чулуу, мод голлосон хийцтэй юм. Мөн хад чулуунд наалдуулан авируулан босгосон. Майдар бурханы сүм байсны дээд талын элгэн хаданд гэлэн Дамбилбранжабал гэгч соёмбо тэмдэг сийлсэн нь өнөө хүртэл хадгалагдан үлджээ.

Цогчин дуган нь 3 давхар, 30 х 30 метр өргөн, 12 метр өндөр, 64 баганатай, боржин чулуун суурьтай, байгалийн чулуугаар бүтээсэн ханатай, сүншгийн, сахиусны, номын, хурлын зэрэг бие даасан хэсгүүд болон гонхны өрөө тасалгаануудаас бүрдсэн Монголын хамгийн том уран барилга юм.

1900 оны үед тахал гарч лам нарын тэн хагас нь өртөж үрэгдсэн байна. 1930 оноос шашны эсрэг хэлмэгдүүлэлт эхлэх үед лам нарыг нь баривчилж, байшин барилгыг нь нураан шатааж, бурхан тахилуудыг нь хайлуулж Дэлхийн хоёрдугаар дайны бууны суманд хэрэглэжээ. Тэр цагаас хойш бараг 60 жилийн турш хийд рүү хөл хорьсон юм.

1990 онд цөөн тооны хэдэн лам нар Барайвун хийдэд эргэн ирж нутгийн ардуудтай хамтран жижиг модон дуган барьж хурал номыг нь сэргээжээ.

Балдан барайвун хийдийн эргэн тойрон маш байгалийн үзэсгэлэнтэй бөгөөд хад чулуунуудад Очирваань, Жамсран, Ногоон дарь эх, Манзушир, Дамдинчойжоо, Цагаан дарь эх, Бурхан  багш, Богд Зонхов, Соёмбо бэлгэдэл, Аюуш зэрэг бурхад, мөн маань мэгзэм зэргийг сийлэх, товойлгох зэргээр бүтээсэн байдаг нь өнөө үед шашин соёлын үнэт дурсгал болон үлджээ.

Гэвч эдгээр бурхад нь ихээр сүйтгэгдсэн байдаг бөгөөд тэрхүү хэлмэгдүүлэлтийн бараан он жилүүдэд хэрхэн шашин соёлоо хайр найргүй устган эвдэж байсны гэрч болж байдаг. Цогчин дуганы баруун хойд талд “Эхийн умай” хэмээх сэнжин хад байх агаад хүрч очсон хүн эхээс төрөх, өлгийдүүлэх үйлдлийг хийгээд эцэст нь “хаан суудал” хэмээх хаданд залардаг.

Цогчин дуганы урд талд “Ээж мод” хэмээх хадаг яндар бүхий саглагар мод бий. Энэ модонд хүмүүс мөргөж залбиран хүслээ даатгадаг заншилтай.

Тус хийдийн орчмын нарс, шинэс бүхий ойтой, нилдээ боржин чулуутай сайхан уулыг арван гурван Сансар уул гэдэг. Мөн хийдээс зүүн урагш замд боржин чулуун дээр товойлгон хийсэн 2:3 метрийн хэмжээтэй Манзушир бурхан байдаг. Өвөр хэсэгтээ сайхан нууртай.