Дэлүүн болдог

Хэнтий аймгийн Дадал суманд байх Чингис хааны төрсөн нутаг гэгддэг. Монголын түүх судлалд Тэмүжиний төрсөн газрыг тодруулан тогтоох ажил хүндтэй байр эзэлсээр иржээ. Монголын нууц товчоо болон бусад сударт Чингис хааны төрсөн нутгийг “Ононы дэлүүн болдог” гэж тэмдэглэсээр иржээ. Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхуд Сангажавын Жамъяан гуай 1928 онд “Ононы Дэлүүн болдог”-ийг сурвалжлан Онон голын дагуу явж судлаад Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Гурван нуурын хойд хөвөөнд байна гэсэн санааг анх гаргасан байна. Тэрээр “зүүн ба баруун хоёр нуурын нэр нийлээд Дэлүүн болдог болсон тул энэ газар мөн” хэмээн үзжээ. Мөн “Хан Хэнтий уулын баруун өмнө зүг, Хэрлэн голын баруун талд байх Дэлгэрхан хэмээх уулын өвөрт Дэлүүн өндөр хэмээх битүү модтой нэгэн тарган ухаа байхыг харлаа. Түүний зүүн өмнө зүгт Хэрлэн голын зүүн талд зүүн өмнөөс Хэрлэн рүү орсон нэгэн их замыг Болдагийн ам хэмээдэг, тэр Дэлүүн болдагт Чингис хаан төрсөн хэмээн нутгийнхан ярьж байна” хэмээжээ.

Мөн Оросын нутагт Онон голын адагт “Дэлюн болдок” хэмээх газар байдаг ажээ. Ийнхүү Чингис хааны төрсөн газар гэх “Дэлүүн болдог” нь 3 газар таамаглагдсан ажээ. Эхнийх нь Ононы адаг урсгал дахь одоогийн ОХУ-ын нутагт буй “Дэлюн болдок”, удаах нь Ононы “Дэлүүн болдог”, гурав дахь Хэрлэний “Дэлүүн болдог” болж байна. Академич Х.Пэрлээ “Дэлүүн болдогийн тухай олон домог, таамаглал буй, ихэнх нь ташаарсан байдаг. Дэлүүн болдог нь Онон Балж хоёр голын бэлчирт хуучин нэрээ хадгалсаар байна. Гурван нуурын рашаан амралтын дэргэд бий, одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын төвийн дэргэдэх дээрээ чулуун хөшөөтэй Дэлүүн болдог юм” хэмээжээ. дараа нь археологич Ц.Доржсүрэн Бурхан халдун уул, Балжун арал, Тэнгэлэгийн гол, Их Чилэдүгийн Олхунуд аймгаас Бөртө Үжинг авч явсан зам, Хэрлэний эхэн Бурги эрэг, Чингис хааныг оршуулсан ба төрсөн газар хоорондоо ойр байх магадлал, Ихэсийн газар, Хэрлэний хөдөө арал, Хэрлэнгийн арал зэрэг газруудыг нарийн харьцуулан шинжлээд Бурхан халдун Ихэсийн газар зэрэгт хамгийн ойр орших Чингис хааны төрсөн газар гэдэг бол О.Жамъян, Х.Пэрлээ нарын үзсэн Онон, Балж хоёр голын уулзварт орших Дэлүүн болдог юм. Энэ Дэлүүн болдог нь Чингис хаан ба түүний өвөг дээдсийн үндсэн гол нутаг бөгөөд Чингис хаанаас өмнөх болон өөрийнх нь үе, түүнээс хойшхи олон чухал үйл явдлуудтай холбоотой газруудаар тойрогдсон байна” хэмээн үзжээ. Чингис хаан хар усан морин жил буюу 1162 онд Онон мөрний Дэлүүн болдог хэмээх газар Есүхэй баатарын Өүлэн хатнаас мэндэлжээ. Дэлүүн болдог нь Онон Балж голын бэлчирээс дээхнэ, Ононы зөв талаас зүүн хойш чигтэй гол руу түрж тогтсон том хошуу юм. Үнэхээр дэлүү мэт хэлбэртэй гэж хэлж болохоор бөгөөд хойд өргөрөгийн 49.03.143, зүүн уртрагийн 111.38.546 хэмийн солбицолд, далайн түвшнээс дээш 982.8 метр өндөрт оршдог. Алсаас харахад дэлүү хэлбэр нь арай тод харагддаг ажээ. Дээр нь Чингис хааны төрсөн “Ононы Дэлүүн болдог” хэмээн уйгаржин монголоор бичсэн байна. Эрдэмтэд “Дэлүүн” гэдгийг “өргөн дэлгэр” хэмээх утгатай, “болдаг” гэдгийг “дов, гүвээ” гэсэн утгатай гэх мэтээр тайлбарлажээ.
Эх сурвалж Ч.Буянбадрах “Монгол орны лавлах” эмхэтгэл ном