Н.Ганбямба: Хэнтий аймгийн гурван суманд аялал жуулчлалын цогцолбор байгуулна

Хэнтийн аймгийн Засаг дарга Н.Ганбямбаас 2018 онд хийх бүтээн байгуулалтын асуудлаар тодруулга авлаа.

 

-2018 оны нэгдсэн төсвийн хүрээнд Хэнтийн аймагт ямар, ямар гол бүтээн байгуулалтын ажил хийгдэх вэ?

2017 он хямралыг даван туулах хамгийн хүнд жил байлаа. Хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, шинэ хөрөнгө оруулалтын ажилд төсвөөс нэг ч төгрөг төсөвлөөгүй. Гэхдээ 2017 онд Ерөнхий сайдын нөөц 350 сая төгрөгийг хуваарилж шинэ Хэнтий аймагт баригдаж буй Өндөр хаан хороолол руу цахилгаан дамжуулах шугамыг тавьж, иргэдээ цахилгаан дулаанаар хангаж чадсан. Цахилгаан, дулааны асуудлыг шийдсэнээр хямд өртгөөр чанартай орон сууц барих ажлыг амжилттай эхлүүлсэн. 2017 онд иргэддээ ам метрийн өртгийг 880 мянган төгрөгөөр тооцож 48 айлыг орон сууцанд хамруулсан. Энэ орон сууцны хороолол барьж, хямд орон сууцаар хангах ажлыг 2018 онд үргэлжлүүлэн барихаар болсон. 2018 он эдийн засаг сэргэж байгаа учраас хөрөнгө оруулалтын ажил боломжийн хэмжээнд тусгагдсан. Хэнтий аймагт 90 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөнө. Үүний 60 тэрбум нь энэ жилдээ хийгдэх бол зарим нь он дамжин хийгдэхээр төлөвлөсөн. Аймгийн төвд Татвар, Цагдаагийн газар, Стандарт хэмжилзүй, Халамжийн газар, цэцэрлэгийн барилгыг шинээр барина. Зарим хуучин байшинг өөр зориулалтаар ашиглана.

Хэнтий аймаг бол Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутаг учраас цогцолбор хэлбэрээр хөгжүүлнэ гэдэг. Энэ чиглэлд ямар ажил хийгдэх вэ?

-Эзэн Чингисийн төрж, өссөн нутаг гэж бид бие биедээ л ярьдаг болохоос өнөөдөр гүүгл майф дээр ганц ч өгүүлбэр байхгүй явж ирсэн. Эхлээд цахим ертөнцөд сурталчлах, таниулах ажлыг эхлүүлж байгаа. Хэнтий аймагт Чингис хааны тодотголтой олон газар байдаг ч очоод үзэх гэхээр үйлчилгээ, ариун цэврийн асуудлаас болж гадаадын зочид сонирхох нь бага байна. Тиймээс аялал жуучлалын дэд бүтцийг сайжруулах чиглэлд нэлээд ажил хийхээр төлөвлөсөн. Төсвөөс дөрвөн тэрбум төгрөг төсөвлөж, Чингис хааны тодотголтой Биндэр, Дадал, Батноров гэсэн гурван суманд аялал жуулчлалын цогцолбор барих ажил энэ хавар эхэлнэ. Эдгээр сумдад саяхан Өмнөд Солонгосын архитектур инженерүүд очиж танилцсан. Чингис хааны төрсөн нутаг Дадал сум руу хатуу хучилттай хар зам тавих ажлын санхүүжилтийг төсөвт суулгах хүсэлтийг Засгийн газарт тавьсан байгаа.

Цаашдаа Чингис хааны холбогдолтой түүхт газруудын дэд бүтцийн асуудлыг сайжруулна. Ингэж байж гадны зочид төлөөлөгчид ирж, тав тухтай орчинд түүхэн газрыг үзэх ёстой.

Улаанбаатараас хөдлөөд Багануур өнгөрөөд Хэнтий аймгийн нутаг руу ороод 50-60 км тутамд үйлчилгээний газрууд, бие засах газрыг тохижуулаад эхэлсэн. Энэ онд сумдын нутгуудад үйлчилгээний газруудыг тохижуулахад анхаарч ажиллана.