Бурхан Халдун уул болон Чингис хааны түүхэн дурсгалт газар нутгууд

Эзэн Чингэсийн үеэс өнөөг хүртэл тахин шүтэж,хайрлан хамгаалж ирсэн уул усны нэг бол Бурхан Халдун уул юм. Монголын эртний сурвалж бичиг “Монголын нууц товчоон”-д өгүүлсэнээр Их эзэн Чингэс хаан хойч үедээ эрхэмлэн захиж гэрээсэлсэн нь:
… Өндөр дээд Бурхан Халдун чамайг
Өглөө бүр мялааж байя,
Өдөр бүр тахиж байя,
Үрийн үрд үүрд тахиж
Үе тутам үргэлж шүтье… хэмээжээ.
Энэхүү шүтэлгэт Бурхан Халдун уул Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Хэрлэн голын эхний баруун гар талын цутгал болох Богдын голын эхэнд далайн түвшнээс дээш 2361.5 м өндөрт өргөгдөн оршино. Бурхан Халдун уул Улаанбаатар хотоос шулуунаар 186 (279) км, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас шулуунаар 75 (86) км зайд оршдог.Уг уулын төрийн тахилгыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар 1995 оноос эхлэн дөрвөн жил тутамд тахиж байхаар болсон билээ.

        

Хар зүрхний хөх нуур

Эзэн Чингэсийн Монголын их гүрний хаан ширээнд заларсан ”Хар Зүрхний Хөх” нуур Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Бага Буурал уулын зүүн өмнө талд Юдэгийн голын эх Бяруутын бүрдний эхэнд байдаг. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойр Хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа ойтой шовх оройтой Харзүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм.

Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ. Монголын нууц товцоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх усны нэрүүд гардаг.

Өглөгчийн хэрэм

Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45км-ын зайд Дайчин уулын аманд шавар наалтгүйгээр чулууг нямбайлан уул түшүүлэн барьсан хэрмийг Өглөгчийн хэрэм хэмээдэг байна.

Энэ хэрэм нь ойролцоогоор гурван км орчим бөгөөд урд талдаа хоёр хаалганы оромтой ажээ. Хэрмийн хана 3.1 метр өндөр, 2.5 метр зузаантай юм.

Уг хэрмийн дунд алсаас тодхон харагдах гозгор хадан цохиог нутгийн ардууд “Чингисийн морины уяа” хэмээн домог болгон ярьдаг байна. Судлаачид хэрмийн дотор хананд тулган шороон дэвсэг нэмж тэгшилснээс үндэслэж XII–XIV зууны үеийн нум сумчдын бэхлэлт байсан болов уу гэж үзэж байжээ.

Харин түүхчид эндээс олдсон олдвор шавар савны хагархайнуудаар баримжаалан Хятаны үед холбогдоно гэж тогтоожээ.