Хууль, хяналтын байгууллагын ажилтнууд болон олон нийтэд зориулан зэрлэг амьтдын хууль бус худалдааг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “СОРГОГ” аппликешныг гаргалаа.

2018 оны 3-р сарын 15-16-ний өдрүүдэд Улаанбаатар хотод “Байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, иргэдийн эрх, үүрэг” сургагч багш бэлтгэх сургалтыг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтанд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтнүүд хамрагдсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа сургалтыг нээж үг хэлсэн бөгөөд Амьтныг хамгаалах ашиглахтай холбоотой хууль эрх зүйн орчин, Ургамлыг хамгаалах ашиглахтай холбоотой хууль эрх зүйн орчин, Зөрчлийн тухай хууль, Галт зэвсгийн тухай ,Усны нөөцийн нэгдсэн менежмент, Байгаль хамгаалах Монгол ардын уламжлал, Улаан данс, Олон нийтийн оролцоог хангах арга зэрэг сэдвүүдээр илтгэлүүдийг чиглэл тус бүрээр холбогдох талууд тавьсан.

Мөн сургалтаар хууль, хяналтын байгууллагын ажилтнууд болон олон нийтэд зориулан гаргасан “СОРГОГ” аппликешн,  Зэрлэг амьтан ургамлын хууль бус худалдаа, ан агнуурын гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн /eic.mn/ сангийн талаар танилцуулан энэхүү аппликешн болон мэдээллийн санг нээснийг мэдэгдэв.

                 

“СОРГОГ” аппликешн нь  Сүүлийн жилүүдэд агнуур болон худалдаанд ихээр өртөж, тоо толгой нь цөөрч, ховордож буй 80 орчим зүйл амьтны амьдрах орчин, тархалт, ховордлын үнэлгээ, хууль эрх зүй орчин, худалддаг эд, эрхтний талаарх мэдээ,баримтыг багтаасан бөгөөд хууль бусаар агнасан амьтдын гаралтай эд, эрхтэн, бүтээгдэхүүнийг иргэд худалдан авч эрсдэлд орохоос сэргийлэхээс гадна хууль хяналтын ажилтнууд амьтдыг хялбар таньж, тодорхойлон хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилготой юм.