Хэнтий аймгийн ховор амьтад

Хэнтий аймгийн ховор амьтдын тухай:
Монгол оронд 76 зүйл амьтныг ховор амьтанд бүртгэгдсэн бөгөөд Хэнтий аймгийн нутагт 27 зүйл амьтад бүртгэгдсэн байна. /Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт/
Ховор амьтдыг хамгаалах асуудал нь нэг улс орны хувьд төдийгүй дэлхий нийтийн ач холбогдолтой юм.
*Ховор амьтад:
1.Хөхтөн 4 зүйл /Аргаль, Халиун буга, Ойн булга, Хүрэн баавгай/
2.Шувуу 12 зүйл /Одой галуу, Хонин тоодог, Манхин галуу, Байгалийн нугас, Гэзэгт нугас, Ойн шийхнүүхэй, Шар элэгт хөмрөг, Усны бух шувуу, Хан бүргэд, Азийн цууцал, Хархираа тогоруу, Цагаан сүүлт нөмрөг бүргэд/,
3.Загас 1 зүйл / Тул/
4.Дугуй амьтан 1 зүйл/ Номхон далайн могор/
5.Шавьж 5 зүйл /Бэр цэцгийн шумбуур, дамнуургын цэнхэр соно, Аполлон, Махиан дэвүүр, Спорадикус үхэр хэдгэнэ/,
6.Хавч хэлбэртэн 1 зүйл /Голын хавч/,
7.Зөөлөн биетэн 2 зүйл /Дагуурын сувдан хясаа, Монгол танан хясаа/,
8.Хоер нутагтан 1 зүйл /Шивэр гүлмэр/ буюу нийт 27 зүйл амьтан байна.
ХӨХТӨН
Аргаль
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан уулын Баянбулаг, Хөхтий, Дулаан , Барын ам, Дөтлүүрийн мухар, Хэрлэн тооно уул, Дархан сумын Дархан хан уул, Эрэгнэг, Батмөнх сумын Эрэгнэг, Язаарын уул, Баянхутаг сумын Баян уул, Буян уул, Баянхүрээ уул, Галшар сумын Их арт, Залаа, Цана, Баянхан, Үнэгт, Галшар уул, Мөрөн сумын Хатан, Хар өндөр, Бага улаан, Их улаан, Эхэн ус, Гамал, Салбар уул, Бор-Өндөр сумын Бор уул, Өлгий уулаар тархсан. 2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар аймгийн 2766 км2 нутагт 505±72 толгой аргаль хонь 1000га-д 1,7 бодгаль ногдох нягтшилтай байна

Халиун буга

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баян, Намдаг, Адуунчулуун, Дэлгэр хаан сумын Хэрлэнбаян уул, Дархан сумын Дархан хан уул, Батширээт сумын Их, Бага Сүүхлэг уул, Алаг уул, Шарангуун уул, Гурван Улаан хөндий, Гүнталхаан, Турагтхаан, Тарсын Тэрсгэр уул, Хөх гозгор уул, Хужирын шар өндөр уул, Биндэр сумын Улиастайн эх, Төөрдөгийн шил, Балжийн эх, Дөрвөлж уул, Норовлин сумын Цагаан овоо, Бухт, Гахайт, Номгон уул, Бөөр, Цагаанчулуут, Улаан даваа, Баян-Адрага сумын Баян-Өндөр, Дунд Бичигт, Улиастай, Уртын гол, Дадал сумын Өвөр Улаалгана, Дэлэв, Халзай, Хавтгайн хар, Хүрэн өндөр, Сөөгт, Эрээн, Мөрөн сумын Өндөрхаан уул зэрэг газарт халиун буга тархан байршиж байна. Хэнтий аймгийн буга бүхий нутагт хийсэн хээрийн судалгаа, ажиглалт болон орон нутгийн иргэд, холбогдох албаны хүмүүсээс авсан аман судалгаагаар дээрх бүс нутагт халиун буга өсөж байгаа нь тогтоогдлоо. Энэ нь сүүлийн жилүүдийн байгаль цаг уурын тааламжтай нөхцөл болон иргэдийн амьжиргаа, хяналт шалгалт, ан амьтан хамгаалах сурталчилгааны түвшин дээшилсэнтэй холбоотой. 2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар тус аймгийн 10662,58 км2 нутагт 3079±236 толгой (95% CI=1928-5825) халиун буга 1000 га-д 1,2 бодгаль ногдох нягтшилтай байна.

Хүрэн баавгай

Хүрэн баавгай монгол орны Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойт хэсэг, Их Хянганы салбар уулсын тайга, ойт уулсаар тархжээ. Биологийн хүрээлэнгийн 1986 онд гарсан судалгаагаар Хэнтий, Хөвсгөлд хүрэн баавгайн нөөц 500 орчим байжээ.

2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар тус аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр сумдын 5477.6 км2 нутагт 132±7 толгой хүрэн баавгай 1000 га-д 0.8 бодгаль ногдох нягтшилтай байна.

     Ойн булга

Хэнтий, Хөвсгөл, Соён Алтайн Булган голын эх, ой тайгад хад асга бүхий нутагт тархсан жинхэнэ ой тайгын амьтан. Хэнтийн булга хар хүрэн, мөнгөлөг сортой халтар хүрэн байхад Хөвсгөлийн булга хүрэн шаргал, шар хүрэн халтар зүстэй байдаг. 2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар 5988.1 км2 нутагт 1353±136 толгой  ойн булга 1000 га-д 2.6 бодгаль ногдох нягтшилтай байна.

ШУВУУ

Одой галуу

Манай орны Хэрлэн, Улз голын сав, Хөх, Дөрөө, Хайчийн цагаан, Хорийн цагаан ба Дэлгэр цагаан нуурууд, Халх, Нөмрөг, Азрага голын хөндий, Буйр, Ташгайн таван нууруудад тохиолддог.

 

Хонин тоодог

Монголын тал хээрийн нутгаар өргөн тархацтай байсан энэ шувуу Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Завхан, Увс аймгийн зэлүүд талд маш цөөн тоогоор үзэгдэх болжээ. Төв аймгийн Жаргалант, заримдаа Дорнодын Лаг нуурын хавьд цөөхөн тоодог өвөлждөг байсан. Сүүлийн жилүүдэд Эг, Тарвагатай, Тариалан, Эрдэнэбулган сумдын тариан талбайд 20-100 заримдаа түүнээс олон толгой тоодог өвөлждөг болсон.

 

Манхин галуу Хэнтий аймгийн Онон голын сав, Хурх голын хөндийн нууруудад цөөн тоогоор нутагладаг.Усны ойролцоо бутны ёроолд хадан хөмөгт үүр засна. Өвс үндэс, үр тариагаар хооллоно.Өнгө зүсээрээ одой галуутай төстэй.

 

 

Байгалийн нугас

Хэнтий аймгийн Онон голын сав дагуух болон Хурх, Улз голын хөндийн нууруудад цөөн тоогоор нутагладаг. Задгай ус, гол горхи, нуурын зах, эрэг орчмоор байршиж, өвслөг ургамалтай, намгархаг хэсгээр амьдарна.

Гэзэгт нугас

ОХУ, Япон, Зүүн хойд БНХАУ-д тархсан. Зүүн өмнөд Азиар өвөлжинө. Хангайн нурууны цөөн тоогоор үрждэг.Онон голын савын нууруудад цөөн тоогоор үзэгддэг.4-р сараас 5-р сар хүртэл, 9-р сараас 10-р сар хүртэлх хугацаанд нүүдлийн үедээ тохиолдоно. Зуны улиралд ховор тааралдана. Газар дээр үүр засаж, 5-8 өндөг гаргана. Гол төлөв ойт хээрийн нууруудаар тархсан. Ус, намгийн ургамлаар хооллодог. Тоо толгой, нөөцийн хомсдолыг судлаагүй.

Ойн шийхнүүхэй

Баруун Европ, ОХУ, Туркээс Гималай хүртлэх Азийн уулс, Дорнод Тяньшанаар тархсан бөгөөд Баруун Европ, Африк болон Зүүн урд Азид өвөлжинө. Хөвсгөл, Хангай, Хэнтийн ойт хээрийн бүсийн холимог ойн зах, Ховд, Булган, Орхон, Сэлэнгэ, Онон, Балж, Хэрлэн, Улз, Халх голын сав дагуух модтой газраар нүүдэллэж, үрждэг.Холимог ойн цоорхой, довцог, голын хөндийн ой, өндөр уулын нугад амьдрана.Тоо толгой, нөөцийн хомсдлыг судлаагүй. Түймэр, мод бэлтгэлт зэргээс шалтгаалсан ойн нөөцийн хомсдол нь амьдрах орчны нөхцөлийг доройтуулна.

Шар элэгт хөмрөг

Хэнтий аймгийн ихэнх нутгаар тохиолдоно. Чийглэг нуга, татам, ойн цоорхойд амьдарна.Үндсэн тэжээл нь шавьж, ургамлын үр

Усны бух шувуу

Манай орны эргээрээ өтгөн шигүү зэгс, хулстай Орог, Бөөнцагаан, Дөргөн, Хар, Хар ус, Айраг, Увс, Хөвсгөл, Буйр,

Ташгайн таван нуур зэрэг бараг бүх том, жижиг нуурууд, Завхан, Ховд, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх, Нөмрөг, Дэгээ, Азрага гол зэрэг голын сав нутгаар амьдрах бөгөөд үүрлэж өндөглөнө.

Өтгөн шигүү зэгс, хулстай нуурын хулсны гүнд амьдарна. Бух шувуу үүрлэн амьдарч байгаа газартаа бух урамдах адил дуу гаргана.Энэ дуу 1-2 км алсад сонсогдоно. Хулсан дунд ангуучлан отож зогсохдоо хошуугаа дээш өргөн, түүний хоёр хажуугаар харж байдаг. Зэгс хулс салхинд найгавал дагаж найгадаг тул тэр болгон бусдад    ажиглагдахгүй. Жижиг загас, хоёр нутагтан, усны шавж, бусад сээр нуруугүйтнээр хооллоно. Олон жилийн                  дараалсан ган,   нуурын эргийн бэлчээр талхагдалт, үржлийн нутгийн тайван  байдал алдагдах, ус нуурууд хатаж ширгэх зэргээс шалтгаалан тархац нутаг, үржих газар хомсдох болсон.

Хан бүргэд Хэнтий, Хөвсгөлийн уулс, Орхон, Сэлэнгийн хөндийд үүрлэнэ. Нүүдлийн үедээ үржлийн нутаг болон Алтай орчмын ой, ойт хээрийн задгай хуурай хэсэг, уулын бэл, хөндий, Дундад Халх, Дорнод Монголын хээр, Ховд аймгийн Булган голын хөндийд тохиолдоно.. Сансрын дамжуулагчийн судалгаагаар, залуу шувууд ОХУ-ын урд хилээс Улаанбаатар хот орчим, улмаар Сүхбаатар аймгийг дамжин нүүдэллэнэ. Нүүдлийн үедээ ойт хээрээс цөлийн хээр хүртэлх уудам нутагт ганц нэгээрээ ховор тохиолдоно.

Азийн цууцал

Хэнтий салбар уулс дагуу Онон голын сав, Хурх хүйтний хөндийн нуур, голуудад нутагладаг.Нуурын эрэг, чиглэг нугад амьдардаг.Хавч хэлбэртэн, зөөлөн биетнээр хооллоно.

 

 Хархираа тогоруу

Хэнтийн нурууны голын хөндий, намгархаг нууруудаар тохиолдоно. Нүүдлийн үедээ Хурх, Улзын голын хөндийд тааралдана. Нүүхийн өмнө олноороо нэг дор цуглардаг. Нүүдлийн үедээ тариан талбайд бууж идээшлэх дуртай.Хүрч очиход хэцүү, өргөн уудам намгархаг газар, чийглэг нуга, нуурын ойр орчмоор амьдарна. Зэгс шагшуургатай намгархаг нутагт хэсэгхэн хуурай газар олж үүр засна.. Цангинуулан “хархирах” дуу нь алс хол сонсогдоно. Үр жимс, ургамлын найлзуур, шавж, хорхой, зөөлөн биетэн, хоёр нутагтнаар хооллоно.

 

 Цагаан сүүлт нөмрөг бүргэд

Хэнтий аймгийн Онон голыг сав Дадал, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Цэнхэрмандал,Өмнөдэлгэр сумдын нутагт цөөн тоогоор тааралдана.Бүдүүн модны дунд хэсэг, эсвэл хад, хясааны ирмэг тавцан дээр модны мөчир хатсан өвсөөр нүсэр том үүр засдаг. Загас элбэгтэй гол, нуурын эргээр амьдардаг.

ЗАГАС

Тул Хэнтий аймгийн Онон гол, түүний цутгал голуудад нутагладаг.Дэлхийн байгаль хамгаалах сангийн 2016 оны судалгаагаар Онон, Балж гол дагуу 940-1040 толгой тул тоологдсон байна.Тул нь голын тогтуун хэсэгт хайргаар үүр засаж түрсээ шахчихаад орхиод явдаг. Тэдгээр түрс нь өөрийн өндгөн дэх уургаар тэжээгдэн загас болдог. Сүүлийн жилүүдэд тул нилээд ховордож байгаа нь хууль бус агнууртай холбоотой юм.

Номхон далайн могор

Номхон далайн Могор загас буюу Хорхой загас нь Онон, Балж, Хурх зэрэг голоор тархсан. Энэ амьтан яг загасны ангид хамаарагдадгүй дугариг амтан гэсэн тусгай ангид ордог билээ

 

 

ШАВЖ

Бэр цэцгийн шумбуур Онон голын сав дагуух нутгаар нутгалдаг. Гадна байдлаараа хэдгэнэтэй төстэй.Ойн зах, цоорхой, голын татам, нугад амьдарна.Хүрэнцэр ургамлаар хооллоно. Хүүхэлдэйн  шатанд өвөлжинө.

 

Дамнуургын цэнхэр соно Онон голын сав дагуух нутгаар нутгалдаг.Авгалдай тогтмол, хааяа намуун урсгалтай усанд амьдардаг.Соно өдөржин нисэж янз бүрийн шавьж барьж иднэ.Өндөгний жараахай, авгалдайг усны бясаа, цох, загас, мэлхий,зарим шувуу, соныг аалз, эрлэг ялаа,хальсан далавчтан, шувууд барьж иднэ.

 

Аполлон Онон голын сав дагуух нутгаар, Мөрөн сумын Өндөрхаан уул, Дархан сумын Дархан ууланд нутагладаг. Тоо толгой тодорхой бус дэлхийн хэмжээнд ховордсон зүйл.Уулархаг нутагт ойн зах, цоорхойн наранд ээвэр газар идээшлэнэ.Эрвээхэй цэцгийн бал тоосоор, хүрэнцэр могойн идээ төрлийн ургамлаар хооллоно. Хүүхэлдэйн шатанд өвөлжинө.

 

Махиан дэвүүр  Онон голын сав дагуух нутгаар, Мөрөн сумын Өндөрхаан уул, Дархан сумын Дархан уул.Ойт хээр, хээр говийн бүсийн голын хөндий, наранд ээвэр газраар ниснэ.Эрвээхэй цэцгийн бал тоосоор хооллоно. Хүүхэлдэйн шатанд өвөлжинө.

 

 

Спорадикус үхэр хэдгэнэ  Онон голын сав дагуух нутгаар нутагладаг. Цэцгийн тоос хүртээдэг ашигтай шавжид тооцогддог. Ойт хээрийн бүсэд амьдрах ба цэцгийн бал тоосоор хооллоно.

 

 

ХАВЧ ХЭЛБЭРТЭН

     Голын хавч Онон, Балж голоор ховор тохиолдоно.Бие нь цагираг үеедээс тогтоно.Толгой цээжний цагариг хоорондоо нийлж, битүү хуяган бүрхүүл болсон.Урд хөл хүчирхэг хавчуур хэлбэртэй ба түүгээрээ хоол тэжээлээ барина.Уулын цэвэр, тунгалаг, хүчилтөрөгчөөр баялаг, хүйтэн устай голд амьдарна.Усны ёроолоор, элсэрхэг, чулуун хурдастай газрын хад чулуун дор хорогдож амьдарна.Өдөр хөдөлгөөн багатай, нуугдаж амьдрах ба  бүрэнхий харанхуйд идэш тэжээлээ хайна.Жижиг, том амьтны сэгээр хооллоно.Өсөлт удаан, усыг бохирдуулах,үрждэг газрыг хөндөх, зүй бусаар барих зэргээс тоо нь цөөрч байгаа амьтан юм.

 

 

ЗӨӨЛӨН БИЕТЭН

Дагуурын сувдан хясаа Онон голын сав дагуух гол, горхи, жижиг нуураас тэмдэглэгдсэн. Нэлээд том биетэй.105-218 мм урттай, өндөр 32-69 мм.Энэ зүйлийн маш жижигхэн авгалдай нь загасны загалмайд байрлиж хөгжинө.Өсөлт, хөгжилт удаан явагддаг.Голын ус бохирдох, үерээр булингартах, нуур цөөрөм хатаж ширгэх зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр үхэж хорогдоно.

 

 Монгол танан хясаа

Онон, Балж, Халх, Нөмрөг голын сав газрын гол горхиор амьдарна. Уулархаг болон тал хээрийн түргэн урсгалтай голын гольдролд 1,5 м хүртэл гүнд амьдарна.Хөгжил 6 сарын эхнээс 8 сар хүртэл үргэлжилж авгалдай эхийн биенээс салж усанд чөлөөтэй хөвж яваад тааралдсан загасны заламгайд шилжин сууршиж бие гүйцэтлээ тэндээ амьдарна.маш бага хязгаарлагдмал нутагт цөөн тоотой тохиолдоно.Өсөлт хөгжил удаан явагддаг.Голын ус бохирдох, үерээр булингартах, хүчилтөрөгчийн хангамж буурснаас авгалдай болон бие гүйцсэн бодгаль үхдэг.

ХОЁР НУТАГТАН

Шивир гүлмэр

 Усны ойр газар хад чулуу,унасан дархи элбэгтэй газар оршдог.Үржлээс бусад үед хуурай газар байх ба өдрийн цагт хад чулуу доогуур нуугдаад харанхуй болмогц сээр нуруугүй амьтдаар хооллохоор гардаг. Чулуун дор ичдэг