Үйлчилгээний ажилтнуудыг чадавхжуулах, үйлчилгээний технологи сургалт зохион байгуулагдлаа
Монгол Улсын Засгийн газраас эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарласан. Аймаг орон нутгаас барьж буй бодлого ч мөн адил аялал жуулчлалыг хөгжүүлэх аж ахуй нэгж, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх байр суурьтай байдаг. Тиймээс жуулчдыг татах зорилгоор Батноров суманд Андлалын өргөө, Биндэр суманд Их Монгол цогцолбор, Дадал суманд Мянганы суут хүн их эзэн Чингис хаан цогцолборуудыг эхлүүлээд байна. Үүний зэрэгцээ үйлчилгээний байгууллагуудын чанар стандартыг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах нь чухал юм.
Энэ утгаараа 2018 оны 10 сарын 23-24 өдрүүдэд Аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хэнтий аймаг дахь худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Хэнтий аймгийн зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудад зориулсан Үйлчилгээний ажилтнуудыг чадавхжуулах, үйлчилгээний технологи “ сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар оролцсон бөгөөд аймгийн төвийн зочид буудал, жуулчны баазын төлөөлөлүүд хамрагдлаа. Сургалтыг Монголын зочид буудлуудын холбооны мэргэшсэн зөвлөх Н.Батцэнгэл, Менежер Б.Өнөрбаяр нар уудирдан явуулсан бөгөөд үйлчилгээний салбарын мэргэжлийн ёс зүй, харилцааны ур чадвар, хүний нөөцийн бүрдүүлэлт, төлөвлөлт, ширээ засалтын техник ажиллагаа арга зүй зочдыг угтах, үдэх өрөөний цэвэрлэгээ, угаалга зэрэг үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар онол практикийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан үйлчилгээний ажилтнуудад аймгийн Засаг дарга Н.Ганбямба цаашдын ажилд нь амжилт хүсэж сертификат гардууллаа.