ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ НОРДВИНД КОМПАНИД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Аймгийн Засаг дарга Н.Ганбямбаар ахлуулсан Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналт, байгаль орчны байцаагчид Галшар сумын нутагт 2007 оноос үйл ажиллагаа явуулж ирсэн Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Нордвинд ХХК-ийн Бичигтийн уурхайд энэ сарын 16-ны өдөр гэнэтийн шалгалт хийлээ.
Ажлын хэсэгт орсон хууль, хяналтын байгууллагын ажилтнууд уурхайн лабораторийн зориулалтаар ашиглаж байсан байрыг лацдаж, химийн бодисуудыг шалгуулахаар холбогдох байгууллагуудад хүргүүлэв. Мөн уурхайн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтуудыг хураан авч, Нордвинд компанийн удирдлагуудыг шалгах ажлыг эхлүүлээд байна. Шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд үр дүнгийн талаар бид эргэн мэдээллэнэ.
Нордвинд ХХК нь 12 жилийн хугацаанд 100 гаруй мянган тонн жонш, жоншны баяжмал олборлож, Бор-Өндөр сумаас вагоноор БНХАУ-ын зах зээлд нийлүүлсэн байна.
Бичигтийн уурхайг анх 1957-1959 онд Оросын / ЗСБНХУ/ геологийн экспедиц 1.1 сая төгрөгөөр 332.000 тоннын хайлуур жоншны нөөцтэй гэж тогтоосон бөгөөд түүнээс хойш Монголросцветмет нэгдэл, ШШГГазар гэх мэтчилэн хэд хэдэн компани олборлолт явуулж байжээ.
- 1. Химийн бодисын агуулахад /Нэр хаяг, хугацаа тодорхойгүй, бүртгэлгүй химийн бодис хадгалсан
- Ус ашиглах дүгнэлт, гэрээгүй, холбогдох зөвшөөрөлгүйгээр ус ашигласан, газрын доорх ус шавхан зайлуулалт хийсэн.
- Зөвшөөрөлгүй химийн бодисын лаборатори ажиллуулсан.Монгол улсад ашиглахыг хязгаарласан /триэтеноламин 102-71-6/ химийн бодис хадгалсан.
- Хөдөлмөрийн аюулгүй байдалд дотоод хяналт шалгалтыг хийж, тайланд тусгаагүй
- Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй
- Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн жагсаалтыг баталж, мөрдүүлээгүй нь зэрэг зөрчсөн илэрсэн тул /Зөрчлийн тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль/-ын дагуу арга хэмжээ тооцон болбогдох мэргэжлийн байгууллагаар шалгуулж байна.