ТАЛЫН ТҮМЭН АДУУ -2017 ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ БАТНОРОВ СУМАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Мөнх Харилцаа ТББайгууллагын санаачилсан “Талын Түмэн Адуу” өвлийн адууны эвент арга хэмжээ 4 дэх удаагаа 2017 оны 11 сарын 3, 4, 5-ний өдрүүдэд Хүлэг Боорчийн нутаг Батноров сумын Хөхүүрийн талд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг Мөнх харилцаа төрийн бус байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Батноров сумын Засаг даргын тамгын газар, Соёлын төв, Сэцэн ханы ордон музей хамтран зохион байгууллаа . Зохион байгуулахдаа сумын төвийн 4-р багийн нутаг дэвсгэрт нутаглаж буй малчдын 2000 –аад адууг цуглуулж гадна дотноос мал болон адуучдыг оролцуулаагүй гаднаас ирж байгаа тээврийн хэрэгсэлд ариутгал хийж байснаараа өмнөх жилүүдээс онцлогтой байлаа.
Талын түмэн адуу 2017 эвент арга хэмжээг гадаад дотоодын төлөөлөл үзэж сонирхосноос гадна Улсын их хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ирж нээлтийн ажиллагаанд оролцсон юм.
Тус арга хэмжээг зохион байгуулахад гадаад, дотоодын олон байгууллага хувь хүмүүс дэмжиж ажилласан бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Хэнтий аймгийн Батноров сумын ЗДТГ, Хөвсгөл нуурын баруун эргийн Арт88 ресорт нар ажилласан бөгөөд дэмжиж, хамтран ажилласан бусад байгууллагуудыг танилцуулахад Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Дэлхийн Зөн –Бор-Өндөр 2 ОУБ-ийн Хэнтий аймаг дахь салбар, Тэрхийн цагаан нуурын эрэгт байрлах Майхан Толгой жуулчны бааз, аялал жуулчлалын тур оператор Dream Mongolia болон Inspire Mongolia, Boojum Expeditons компаниуд болон Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сэцэн ханы ордон музей, Монголын Залуучуудын Холбоо, Хэнтий аймгийн мэргэжлийн гэрэл зургийн S studio зэрэг 20 байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд энэхүү эвент санхүүгийн хувьд бат суурьтай, төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу зохион байгуулах боломж бүрдсэн болно. Харин арга хэмжээний зохион байгуулалтын ар талд Батноров сумын засаг даргын тушаалаар байгуулагдсан 11 ажлын хэсгийн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаа.
Тус эвентийг 2017 оны 8 сараас гадаад, дотоодын олон сувгаар эвентийн тухай мэдээллийг эрчимтэй цацаж, тасралтгүй ажилласан нь үр шимээ өгч зорин ирэх гадаад, дотоодын үзэгчдийн тоо 3 өдрийн хугацаанд 1000 гаруйд хүрсэн байна. Үүнээс 250 гаруй буюу нийт оролцогчдын 20 гаруй хувь нь зорьж очиж мөнгө төлж үзсэн гадаад, дотоодын жуулчид байсан бөгөөд Герман, АНУ, Их Британи, Австрали, Польш, Франц, Хятад, Япон зэрэг 10 орчим орны жуулчид байлаа.