“Ногоон паспорт” аян Хэнтий аймагт зохион байгуулагдлаа

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар “Хандлагаа өөрчилье” уриан доор “Ногоон паспорт” аяныг эхлүүлж байгаа юм. Тус аян нь эх дэлхий, байгаль орчинтойгоо зөв харилцах дадал хандлагыг бидний ирээдүй болсон хүүхэд залууст төлөвшүүлэхэд чиглэгдсэн, бодит үр дүн нь хэмжигдэхүйц төсөл юм.

Энэхүү “Ногоон паспорт” -ыг 12 хуудас бүхий жижиг дэвтэр гэж ойлгож болно. Хуудас бүр нь өөр өөр агуулгатай ба ус, хог хаягдал, ногоон орчин, зохистой хэрэглээ, байгаль хамгаалах уламжлалт ёс заншил гэх мэт 12 ажлыг тусгасан байгаа. Энэ дэвтрийг хөтөлсөнөөр амьдралын зөв дадал хэвшилтэй болохоос гадна сурагчдаар дамжуулан гэр бүл найз нөхдөд нь нөлөөлж, хандлагаа өөрчлөх боломжтой болж байгаа юм.

Төслийн хэрэгжүүлэгчээр БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГазар ажиллаж байгаа билээ.

Дээрх төсөл нь 2018 оны 10 дугаар сарын 02 -ны өдөр Хэнтий аймагт 4 сургуулийн “Эко клуб”-ын 400 гаруй хүүхдийг хамран зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Н.Ганбямба оролцсон ба хэлсэн үгэндээ  Хэнтий аймаг нь “Ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилго” –оо  тодорохойлсон анхны аймаг бөгөөд зорилгоо биелүүлэх олон ажлын нэг нь болж тус аян орон даяар өрнөж байгаад талархалтай хандаж байгаагаа илэрхийлсэн юм.

Паспорт эзэмшигч сурагчид,  сурагчдаа идэвхтэй хамруулсан эко клубын багш нар маань БОАЖЯ –аас зохион байгуулсан олон сонирхолтой уралдаан тэмцээн, арга хэмжээнүүдэд оролцох боломжтой болж, шилдэг баг хамт олон, шилдэг байгаль хамгаалагч болсноор олон шагнал урамшуулалд хамрагдахаас гадна, гадаадад аялах боломжтой болж байгаа. Өөрөөр хэлбэр байгаль хамгаалах үйлсэд оролцохын хэрээр олон хөгжилтэй шагнал урамшууллын эзэн болох боломжтой  юм.