Халхын Сэцэн хан аймгийн газар нутаг

1691 онд Халх Монгол Манжийн захиргаанд орж, Ар Монголын 7 хошууг 3 аймаг, 86 хошуу болгон Сэцэн хан аймгийг “Халх дорно зам” гэж нэрлэн 23 хошуу болгон хуваажээ. Ар Халх Манжид дагаар орох үед Сэцэн хан аймгийг Өмэхэй буюу Содномдорж хан захирч байсан ажээ. Халхын Сэцэн хан аймагт одоогийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг, Төв аймгийн зүүн талын сумд /Баяндэлгэр, Мөнгөнморьт, Баянжаргалан, Баян сум/, Дорноговь аймгийн хойд талын сумд /Их хэт, Даланжаргалан, Дэлгэрэх сум/, Дундговь аймгийн зүүн талын /Цагаандэлгэр, Говь-Угтаал/ сумдын газар нутаг харъяалагддаг байсан байна. Сэцэн хан аймаг нь Манжийн ноёрхолын үед 23 хошуу 1 хутагтын шавьтай нийт 24 засаг захиргааны нэгжтэй байсан бол Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын үед Хуучит ван, Манлай ван, Бишрэлт бэйлийн 3 хошуу, Ялгуусан хутагтын шавь нэмэгдэж засаг захиргааны 28 нэгж болон өргөжсөн юм.