Улсын Тусгай хамгаалалттай Тосон хулстайн байгалийн нөөц газарт хэрэгжүүлэх үйл ажиллагааны горимын төсөлд иргэдээс санал авах

 

ТОСОН-ХУЛСТАЙ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН

ХАМГААЛАЛТЫН ГОРИМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

            1 дүгээр зүйл. Горим тогтоох зорилго

 

1.1.Энэхүү горимын зорилго нь Тосон-Хулстай байгалийн нөөц газрын унаган төрх, хэв шинж, ховор, ховордсон ургамал, амьтан болон цагаан зээр тэдгээрийн нөхөн үржих нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалах, газар ашиглалт, бэлчээрийг зохистой ашиглахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хууль тогтоомж

2.1.Тосон-Хулстай байгалийн нөөц газрын хамгаалалт, газар ашиглалт, бэлчээрийг зохистой ашиглах үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай хууль, холбогдох бусад хууль, Захиргааны хэм хэмжээний акт болон энэхүү горимыг дагаж мөрдөнө.

     3 дугаар зүйл.Хамрах хүрээ

3.1.Энэхүү горим Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин сумын нутаг дэвсгэрт орших Тосон-Хулстай байгалийн нөөц газарт хамаарна.

3.2.Тосон-Хулстай байгалийн нөөц газарт явуулах үйл ажиллагаа нь уг байгалийн нөөц газрын хамгаалалтын горимыг чандлан сахиж, байгаль орчны тэнцвэрийг хадгалахад чиглэгдэнэ.

4 дүгээр зүйл.Журмын нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэхүү горимд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурьдсан утгаар ойлгоно:

4.1.1.“яам” гэж тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг;

4.1.2.“аймаг” гэж Хэнтий аймгийг;

4.1.3.“тухайн сум” гэж Тосон-Хулстай байгалийн нөөц газрын зарим хэсэг нутаг дэвсгэрт оршдог Хэнтий аймгийг Баян-Овоо, Норовлин сумыг;

4.1.4.“хамтын менежментий зөвлөл” гэж тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Дорнод, Хэнтий аймгийн Засаг дарга нар, холбогдох талууд хамтран байгуулсан зөвлөлийг.

4.1.5 “Хамгаалалтын бүс” гэж биологийн олон янз байдлын хувьд чухал, байгалийн өвөрмөц тогтоцтой, түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах зорилгоор тогтоосон бүсийг

ХОЁР.ГАЗАР АШИГЛАХ, МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХ

5 дугаар зүйл.Газар ашиглах

5.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Тосон-Хулстай байгалийн нөөц газарт газар ашиглуулах тухай шийдвэрийг сумын Засаг даргын саналыг үндэслэн Төрийн захиргааны төв байгууллага гаргана.

5.2.Тосон-Хулстай байгалийн нөөц газарт тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох ажлынг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан харилцаагаар зохицуулна.

5.3.Энэ журмын 5.2-т заасан саналыг Тосон-Хулстай байгалийн нөөц газрын хэв шинж, байгалийн унаган төрх, ургамал, амьтны байршил, өсөлт, үржилт, бэлчээрийн даац, энэ журмыг хүчин төгөлдөр дагаж мөрдөх хүртэл уламжлалт аж ахуй эрхлэх хүрээнд байгаа малын тоо зэрэгтэй уялдуулсан хамтын менежментийн зөвлөлийн саналд үндэслэн боловсруулна.

6 дугаар зүйл.Газар ашиглах хүсэлт гаргах

6.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасны дагуу газар ашиглах тухай хүсэлтээ Засаг даргад гаргана.

6.2.Сумын Засаг дарга газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналааг  Төрийн захиргааны төв байгуулагд уламжилж, шийдвэрлүүлнэ.

7 дугаар зүйл. Газар ашиглах тухай гэрээ

7.1.Сумын Засаг дарга Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг байгуулна.

7.2.Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана:

7.2.1.тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгө;

7.2.2.газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа;

7.2.3.газрыг ашиглах,хамгаалах талаарх талуудын эрх, үүрэг, хариуцлага;

7.2.4.гэрээ дуусгавар болсон тохиолдолд газрыг эргүүлж авах нөхцөл, журам, уг газрыг нөхөн сэргээх, засаж тохижуулах, хүлээлгэн өгөх журам;

7.2.5.газар ашиглах тодорхой зориулалт буюу энэ журмын 8 дугаар зүйлд заасан уламжлалт аж ахуйн талаар тодорхой тусгах.

7.3.Газар ашиглагч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрх, үүрэгтэй байна.

8 дугаар зүйл.Уламжлалт аж ахуй эрхлэх

8.1.Тосон-Хулстай байгалийн нөөц газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу уламжлалт аж ахуй эрхэлж болно.

8.2.Уламжлалт мал аж ахуй эрхлэхэд шаардагдах хашаа, хороо, саравч барих  газрыг сумын Засаг дарга тогтооно.

8.3.Хөрсний нөхөн сэргээлт, ойн арчилгаа цэвэрлэгээг мод ургамал ургаж цэцэглэх, ан амьтан нөхөн үржих үеэс бусад хугацаанд хийхээс гадна ан амьтны байршил, байгальд сөрөг нөлөөгүй арга, технологи, багаж, техник хэрэгслийг ашиглах, тухайн газар нутагт ургадаг ургамал, модны үр, тарьц хэрэглэнэ.

8.4.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн зөвхөн тогтоож өгсөн газарт зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулж, өөрийн нутаглаж, ашиглаж байгаа  газрыг  эвдрэл, бохирдлоос хамгаалж, талхлагдсан хөрс, ургамлыг нөхөн сэргээнэ.

8.5.Тосон-Хулстай байгалийн нөөц газрын нуур, булаг шандын орчимд нэг километрийн тойрог дотор мал бэлчээхгүй бөгөөд зөвшөөрөгдсөн бэлчээрийг талхагдал үүсгэхгүй улирлын хуваарьтай ашиглана.

8.6. Хамгаалалтын менежмент хариуцагч нь тухайн сумдын Засаг дарга, хязгаарлалтын бүсэд уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх иргэн, нөхөрлөлтэй бэлчээр ашиглах гурвалсан гэрээ байгуулна.

8.7.Нөөц газрын хамгаалалтын бүсэд бэлчээр ашиглахыг хориглоно.

8.8.Нөөц газарт менежмент хариуцагч зөвшөөрөлгүйгээр малын хашаа, хороо барих, бэлчээрийн талбайг хаших, бүх төрлийн худаг шинээр гаргахыг хориглоно.

8.9.Нөөц газарт шинээр оршин суугчид ирж нутаглах, мал бэлчээх, оторлохыг хориглоно.

  • Байгаль цаг агаар хүндэрсэн, байгалийн гамшиг тохиолдсон үед тухайн сумын малчдыг орон нутгийн эрх бүхий удирдлага, Хамгаалалтын менежмент хариуцагч 6 хүртэлх сарын хугацаагаар гэрээ байгуулан бэлчээр ашиглах ажлыг зохион байгуулна.

8.11     Нөөц газарт хадлан бэлтгэхэд дараах горимыг мөрдөнө:

8.11.1 Тосон-Хулстай байгалийн нөөц газарт амьдарч буй нутгийн иргэд хадлангийн тогтоосон талбайгаас байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр зөвхөн ахуйн зориулалтаар хадлан хадахыг зөвшөөрнө.

  • Хамгаалалтын менежмент хариуцагч, Засаг даргын хамтарсан шийдвэр гараагүй нөхцөлд бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ахуйн зориулалтаар хадлан хадахыг хориглоно.

 

ГУРАВ.ГАЗАР АШИГЛАХ ЭРХ БОЛОН ГЭРЭЭ ДУУСГАВАР

БОЛОХ, ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛӨХ

 

            9 дүгээр зүйл.Газар ашиглах эрх, гэрээ дуусгавар болох

9.1.Тосон-Хулстай байгалийн нөөц газарт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно:

                        9.1.1.Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр;

9.1.2.тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

9.1.3.Тосон-Хулстай байгалийн нөөц газарт мал маллаж буй малчин хууль бусаар ан агнах, анчдыг орогнуулах;

9.1.4.бэлчээрийг зохисгүй ашиглаж талхалсан, доройтуулсан нь тогтоогдсон;

9.1.5.гадны тавиул мал оруулж бэлчээрийн даац хэтрүүлсэн.

9.2.Газар ашиглах эрх дуусгавар болоход иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байсан газраа чөлөөлж, газар ашиглах гэрээнд өөрөөр заагаагүй бол 9О хоногийн дотор тухайн тухайн сумын Засаг даргад хүлээлгэн өгнө.

9.3.Холбогдох хууль, энэ журмыг зөрчсөн болон байгаль орчинд сөрөг нөлөө бүхий аливаа зөрчил илэрвэл байгаль хамгаалагч гэрээг цуцлах саналыг тухайн сумын Засаг даргад гаргаж болно.

            10 дугаар зүйл.Бусад

10.1.Тосон-Хулстай байгалийн нөөц газарт дараах зүйлийг хориглоно:

10.1.1.байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах;

10.1.2.ан амьтан, шувуу үүрлэж, өндөглөдөг хадат толгойд 3-5 километрээс ойр зайд айл бууж, нутаглахыг;

10.1.3.худалдаа, үйлчилгээ эрхлэх;

10.1.4.хууль, захиргааны хэм хэмжээний актад заасан зөвшөөрөлгүйгээр инженерийн хийцтэй худаг, уст цэгийг шинээр байгуулах;

10.1.5.Тосон-Хулстай байгалийн нөөц газарт хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт зааснаас бусад тохиолдолд хадлан хадахыг;

10.1.6.зэгс шагшуурга бүхий нууруудын цэн тогоруу, хархираа тогоруу, хар тогоруу, хун зэрэг нэн ховор шувууд өндөглөж зусдаг газраас 2 километрийн тойрог дотор мал бэлчээхийг;

10.1.7.байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй зам гаргах, барих, олон давтамжтайгаар зорчихыг.

10.3.Тосон-Хулстай байгалийн нөөц газрын хэв шинж, ургамал, ан амьтны байршил, хориглосон үйл ажиллагаа зэрэгтэй уялдуулан холбогдох газруудад зохих стандартын дагуу мэдээллийн самбар байрлуулна.

10.4.Энэ журмын 8.3-т заасан мэдээллийн самбарыг хамгаалалтыг эрхлэх байгууллага хариуцаж байршуулна.

 

–оОо—