Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас томилогдсон ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллалаа

Идэш тэжээлгүй болсон баавгай суурин газар, малчны хот руу дайрч, хүн, малд халдах тохиолдол гарсаар байна.  Энэ асуудлаар БОАЖЯ-наас томилогдсон ажлын хэсгийн гишүүд Хэнтий аймгийн Баян-Адрага, Биндэр, Батширээт сумдад 2019 оны 11 сарын 6-9-ны хооронд ажилласан. Ажлын хэсгийнхэн аймгийн Засаг даргын 2019 оны А/510 захирамжаар байгуулагдсан Шуурхай багийн хамт сумдын ажлын хэсгийнхэнтэй газар дээр нь нөхцөл байдлыг үнэлэн хамтран ажиллалаа.

Батширээт, Баян-Адрага сумдад  есдүгээр сарын 12-ноос эхлэн өнөөдрийг хүртэл Онон, Хурх, Барх багуудад айлын хотонд орж мал барих, гэр байшин сүйтгэх, эд материалын хохирол учруулах, ард иргэдийг айдаст автуулж байгаа тул  хүний амь насанд онц аюултай нөхцөл үүсэхээс урьдчилсан сэргийлж   4 баавгайг устгаж баримтжуулсан байдалтай танилцлаа. Хэнтий аймгийн хойд талын хөвчийн сумдад энэ намар баавгайн  дайралтаас болж үүссэн хохирол ойролцоогоор 60 орчим сая төгрөг болоод байна.

БОАЖЯ-ны ажлын хэсгийнхнийг орон нутагт ажиллах үеэр Батширээт сумын Турагтханы энгэрт байх малчин Д-ийнхээс дуудлага ирж ажлын хэсэг газар дээр очиж ажиллан тэр хавийн айлуудаар орж ийм тохиолдолд хэрхэн ажиллах, мэдээлэх талаар зөвлөмж өгсөн.

Ажлын хэсгийнхэн унтуулан зөөвөрлөх, дайжуулах зорилгоор баавгайд отолт хийж ажилласан.  Олон дахиж айлын хотонд орж хүний амь насанд аюул учруулах эрсдэл үүссэн тохиолдолд сумын ажлын хэсгээс хуулийн заалт, төвөөс өгсөн чиглэл зөвлөмжийн дагуу баавгайг “аюулгүй болгон тоо толгойг зохицуулах”  хойшлуулашгүй арга хэмжээ авах чиглэл өглөө.