Мэдээлэл
Идэш тэжээлийн хомстлын улмаас Хэнтий аймгийн 7 сум 2 тосгонд суурьшлын бүсийн ойролцоо 38 удаагийн тохиолдлоор давхардсан тоогоор 49 баавгай бүртгэгдээд байна. Эдгээр баавгайнууд нь ихэвчлэн 2-3 настай, биеийн урт 120см-150см, зарим тохиолдол бамбарууш дагуулсан баавгай үзэгдэж байна. Тархалтын хувьд ой бүхий сумдад үзэгдэж байсан бол сүүлийн өдрүүдэд тал хээрийн сумдад мөн адил үзэгдэж эхлээд байна.
Баавгайг харсан иргэд сонирхож, зураг авах, бичлэг хийх зорилгоор бахардуулан хөөх үйлдэл гаргасаар байна. Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ХОВОР амьтны жагсаалтад орсон тул амьтны жам ёсны эрхийг нь хөндөж амьтны аймагт хохирол учруулсан тохиолдолд иргэдэд Эрүүгийн хуулийн 24.5.2 дахь заалтын дагуу хариуцлага хүлээлгэж, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т заасны дагуу тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх болохыг анхааруулж байна.